УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ж.Эрдэнэбат оролцож, гишүүний тангараг өргөлөө. УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат нь өнөөдрийг хүртэл гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулаагүй байсан юм.
Түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьж, улмаар хэргийг нь шүүхийн шатанд шилжүүлсэн учир ийн тангаргаа өргөөгүй байсан юм.
Гурван шатны шүүхээр хэргийг хянасны эцэст дахин шалгахаар болж, энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан юм. Сонгогчдын олонхын санал авч, СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргасан ч хорих ял сонсоод байсан тэрбээр ийнхүү бүрэн эрхээ баталгаажууллаа.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял оногдуулаад байв.