Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь Таян нуурын ордоос төмрийн хүдэр олборлон БНХАУ-д нийлүүлдэг “Алтайн хүдэр” ХХК-ийн эсрэг “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллагынхан зарга мэдүүлснээс хойш таван жилийн дараа шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус компани төмрийн хүдрийн экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд үйл ажиллагаанаас нь болж экологид хохирол учирч, хүн, мал, амьтан, ургамал сүйдэх болсонтой холбоотойгоор 2011 онд БОАЖНХЯ-наас газар дээр нь шалгаж, экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг нь тооцуулж гаргуулахаар шийдвэрлэж байсан юм. Өөрөөр хэлбэл, уурхайн амнаас Бургастайн боомт хүртэл хүдэр тээвэрлэх авто зам барих ёстой ч тавиагүй. Улмаар хүнд даацын автомашинууд шороон замаар хүдэр тээвэрлэснээс экологид хохирол учруулах болсон байдаг. Тиймээс тус яам 11 заалт бүхий шаардлага хүргүүлж байсан билээ. Гэвч үүнээс хойш “Алтайн хүдэр” ХХК-ийнхан байгаль орчныхоо төлөө тэмцсэн нутгийн иргэд, тус сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн байгуулсан “Шинэ зууны Цээл” ТББ-ынханд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж, элдвээр дарамталж байсан агаад энэ бүхэнд нь “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо”-ныхон эрх зүй туслалцаа үзүүлж хэрэгсэхгүй болгуулж байв. Улмаар 2016 оны тавдугаар сард “Алтайн хүдэр” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн аж. Энэ хугацаанд нэг удаа шүүх хурал болж, тус компанийн буруутай үйл ажиллагаанаас экологид хохирол учирсан гэж дүгнэсэн ч түүнийг тооцох аргачлал нь буруу байсан тул Дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Ингээд 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг хянаж буй шүүгчийн оролцоотойгоор “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайгаас эхлэн хүдэр тээвэрлэж буй зам дагуу газар дээр нь үзлэг хийсэн байдаг. Энэ бүхний эцэст өнгөрсөн мягмар гарагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй “Алтайн хүдэр” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ талаар тус ТББ-ын хуульч Ц.Туяацэцэгээс тодруулахад “Алтайн хүдэр компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, тус компаниас байгаль орчинд учруулсан хохиролд 10.8 тэрбум, улсын тэмдэгтийн хураамжид 54 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. Бид байгаль орчны төлөөх тэмцэлд жишиг тогтоохын тулд өдий хүртэл тасралтгүй ажилласны дүнд ийм шийдвэр гаргууллаа” гэв.
Бэлтгэсэн: Г.Равжаа