Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б 2020 оны хоёрдугаар сард учир битүүлгээр амиа алдсан. Уг хэргийг шалгаж дууссан бөгөөд хяналтын шатанд яллах дүгнэлт үйлдэж, улмаар шүүхэд шилжүүлжээ. Энэ хэрэгт тус аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Э.Мэндсайхан, Б.Лхагважаргал нарыг буруутган шүүж буй. Б.Лхагвасүрэн нь Б рүү мессеж бичиж “Дарга архи аваад хүрээд ир гэнэ” хэмээн дуудаж, улмаар хамт Засаг даргын өрөөнд очсон байдаг. Харин Э.Мэндсайхан Б-г үүрч гараад машинд нь оруулан орхисон гэдэг. Товлосон ёсоор өнөөдөр Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд уг хэргийн шүүх хурал эхлэв. Шүүх хуралд ажиглагчаар оролцохоор маш олон иргэн цуглажээ. Иргэд хэргийг шударгаар шийдвэрлэхийг шүүхээс шаардаж буй. Шүүх хурлын эхэнд хохирогч талынхан Э.Мэндсайханы өмгөөлөгч Б.Одбаярыг хэргээс гаргахыг хүссэн. Учир нь Б.Одбаяр Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан гэнэ. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзжээ. Шүүх бүрэлдэхүүн түр завсарлаж, зөвлөлдөөд хэргийг ирэх сард шүүн хэлэлцэхээр боллоо. Уг хугацаанд Э.Мэндсайхан өмгөөлөгчөө солих юм.
Хэргийн талаар сануулахад “2020 оны хоёрдугаар сарын 19-ний үүрийн 04.20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Цагдаагийнхан хэргийг шалгаад гаднын нөлөөтэй гэж үзсэн. Улмаар дээр нэр дурдсан хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгасан юм.
Хятадад коронавирус гарсантай холбогдуулан өнгөрсөн оны нэгдүгээр сард Б ажлын цагаа богиносгож, ажилтнуудаа үр хүүхдэдээ цаг гаргах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл Засаг дарга нь өөртэй нь зөвлөлгүй, шийдвэр гаргалаа хэмээн бухимдаж, Б-гээс ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл бий. Мөн “Чамайг ажилгүй болгоно доо” хэмээн байнга заналхийлж байсан гэдэг.