Өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх Улсын Дээд шүүхийн Тамгын газрын ажилтан Н.Мөнхтулга АТГ-т хандлаа. Тодруулбал, өмгөөлөгч Б.Баасанцогттой ашиг сонирхлын харилцаа үүсгэсэн гэх байдлыг шалгаж, бодит байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт өчигдөр (2021 оны гуравдугаар сарын 16) гаргажээ. Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг шалгаад ирүүлсэн хариуг олон нийтэд мэдээлэх юм байна. Мөн Улсын Дээд шүүхийн Тамгын газарт ажиллаж байсан Т.Батцогт 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн аж. Улмаар 2019 оны хоёрдугаар сараас Б.Баасанцогтоос дансаараа мөнгө авсан байж болзошгүй гэнэ. Тиймээс тус шүүхээс "Улсын Дээд шүүхээс гарснаас хойших үйл явдалд шүүхийн нэрийг хамаатуулснаараа олон нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл болсон байна" хэмээн мэдэгдлээ.