Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар эх орноосоо урвасан гэх хэрэгт анхан шатны шүүхээс 17 жилийн ял шийтгүүлсэн Ц.Жаргалсайханы хэргийг хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялын зүйлчлэлийг өөрчилж таван жил хорих болсон билээ. ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Зулаагаас тус байгууллагын байр суурийг сонирхлоо.
-Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан гэх хэргээр 17 жилийн хорих ял сонссон Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцээд хэргийн зүйл ангийг өөрчилж, таван жилийн хорих ял оноолоо. Энэ хэргийг прокурорт шилжүүлсэн танай байгууллага өнөө хүртэл байр сууриа илэрхийлээгүй. Одоо энэ асуудал дууссан тул ямар нэгэн тайлбар өгч болно биз дээ?
-Анхан болон давж заалдах шатны шүүх, прокуророос Тагнуулын байгууллагын нотолсон хөдөлшгүй баримт дээр үндэслэн шийдвэрээ гаргасан. Энэ шатны прокурор, шүүхийн ажилтнууд өнөөдөр Монгол Улсад үйлчилж буй хуулийн хүрээнд ажиллаж асуудлыг шийдвэрлэсэн нь лавтай. Гэхдээ манай прокурор, шүүх, өмгөөлөгч нарт Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу эх орноосоо урвасан гэмт хэргийг шийдвэрлэж байсан туршлага үндсэндээ байхгүй. Энэ бол анхных болж байна.
-Ц.Жаргалсайхан төрийн нууц задалсан хэмээн ял авсан боловч өмгөөлөгч нар нь төрийн нууц задлаагүй, тэр яригдаад байгаа баримт нь тэртээ тэргүй ил байдаг, төрийн нууцад хамаарахгүй, УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөр төдий зүйл гэж яриад байгаа.
-Төрийн нууц гадаадынханд алдаг даж буй тухай мэдээллийг Тагнуулын байгууллага нягтлах явцад Ц.Жаргалсайхантай холбогдсон мэдээллийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасан. Тэрбээр төрийн нууцад хамаарах баримт бичгийг санаатайгаар бусдад задалсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Одоогоор үүнээс илүүг хэлэх боломжгүй. Харин өмгөөлөгч болоод хүмүүсийн яриад байгаа УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөр мэтийн зүйл үүнд ямар ч хамаа байхгүй.
-Тэгвэл Ц.Жаргалсайхан эх орноосоо урваагүй, төрийн нууц задалсан гэмт хэрэг үйлдсэн болж таарч байна уу?
-Ц.Жаргалсайханы үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Магадгүй хэн нэгэн иргэн эх орноосоо урвана гэсэн бодолтойгоор гадаадын тусгай албатай хамтран ажилладаггүй байх. Гэхдээ төрийн хариуцлагатай алба хаагч, төрийн нууцыг санаатай задалсан нь эх орныхоо эсрэг ажилласан гэж үзэх үндэслэлтэй.
-Ц.Жаргалсайханы ар гэрийнхэн, найз нөхөд түүнийг ийм гэмт хэрэг үйлдэх хүн биш гэдгийг баталдаг. Д.Цахилгаан гуай болохоор өөрийнх нь эсрэг хийж буй санаатай оролдлого гээд байгааг юу гэх вэ. Та нар гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн юм биш биз дээ?
- Ц.Жаргалсайханы эцэг, эх, гэр бүлийн сэтгэл өвдөж байгааг ойлгож байна. Тэр нь сэтгэл хөдлөл болж байгаа байх. Харин Ц.Жаргалсайхан насанд хүрсэн, хуулийн хариуцлага хүлээх чадвартай субъект. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн буруутай гэдгийг шүүх тогтоож шийдвэрлэсэн шүү дээ. Өнөөгийн ард чилсан нийгэмд хүнийг ийм ноцтой асуудлаар гүтгэх хуулийн цоорхой байхгүй ээ. Харин энэ гэмт хэрэг бол түүний гэр бүлийнхэнтэй ямар ч холбоогүй. Харин ажил үүргээ шударгаар биелүүлж байгаа төрийн албан хаагчдыг гүтгэх асуудал бас хуулийн хариуцлагатай гэдгийг хэлмээр байна.
-Эх орноосоо урвасан гэх Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл заалтыг Дээд шүүх яагаад өөрчилсөн юм бол?
-Хуулийн энэ зүйлийн заалтын томъёолол, шийтгэлийн хугацаа нь бидний ярьдгаар, “хүйтэн дайн”-ы үед боловсрогдсон, өнөөгийн цаг үед зохицохгүй нь сая ажиглагдлаа. Иймд энэ төрлийн гэмт хэргийн зүйл, заалтыг эргэж хянах, шинэчлэн найруулах шаардлагатай юм байна. Гэхдээ гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэх томъёолол одоогийн заалтад тодорхой байгаа л даа.
-Ц.Жаргалсайхантай уулздаг байсан гадаадын дипломат ажилтныг саатуулж болоогүй юм уу. Асуудлын үнэн мөнийг тогтооход тустай байсан гэж өмгөөлөгч нь хэлж байсан шүү дээ?
-Ц.Жаргалсайханыг энэ ноцтой гэмт хэрэгт татан оруулсан гадаадын дипломат ажилтныг тагнуулч гэдгийг нь тогтоогоогүй гэдэг асуудал яригддаг. Аль ч улсын тагнуулын алба дипломат халхавчаар тагнуулын үйл ажиллагаа явуулдаг нь хэн бүхэнд тодорхой, дипломат эрх ямба халдашгүй болох нь олон улсын эрх зүйн баримт бичгүүдээр баталгаажиж зохицуулагддаг. Тэгэхээр энэ эрх ямбанд халдах эрх бидэнд байхгүй. Тэгээд ч тухайн улс дипломат ажилтнаа тэр дор нь буцаан татсан шүү дээ, үүнээс илүү ямар нотолгоо байх юм бэ.
-Одоо энэ хэрэг нэгэнт шийдэгдсэн болохоор баримт, нотолгоо гээд байгаа зүйлсээ иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс ил тодоор тайлбарлаж болдоггүй юм уу?
-Иргэд, ялангуяа төрийн албан хаагчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ үйлдэлд үндэслэн гадаадын тусгай албаны арга ажиллагааны нэвтрүүлэг байж болох юм. Ц.Жаргалсайханд холбогдох баримт нотолгоог хүмүүс үзвэл учрыг ойлгож, сэрэмжлүүлэг болох ач холбогдолтой. Гэхдээ эдгээр баримт нотолгоо нь гүйцэтгэх ажлын явцад хуримтлагдсан төрийн маш нууц зэрэглэлд хамаарах баримт сэлт. Үүнийг зөвхөн хуулиар л ил болгож болно. Тиймээс энэ асуудал төвөгтэй, гэхдээ судалж болох юм.
-Ер нь ийм гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж ямар арга хэмжээ авах ёстой бол. Танай байгууллага энэ чиглэлээр юу хийж байна вэ. Цаашдаа ийм үйлдэл гарахгүй гэх баталгаа байна уу?
-Гол сургамж бол төрийн нууцын хадгалалт, хамгаалалт төрийн байгууллагуудад аль аль шатандаа суларсан юм байна. Төрийн албан хаагчдын сонор сэрэмж алдагджээ. Иймд юуны өмнө Төрийн нууцын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг түргэтгэж байна. Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийн талаарх заалтыг хянан үзэж, боловсронгуй болгох ажил хийнэ. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж дууслаа. Тагнуулын байгууллагын үндсэн чиг үүргийн нэг бол төрийн нууцыг хамгаалах явдал.
Иймд төрийн нууц хадгалдаг, хамгаалдаг бүхий л байгууллагад тавих хяналтыг чангатгахын хамт төрийн бүх шатны байгууллага төрийн нууцыг хадгалах хамгаалах ажилдаа дүгнэлт хийж тодорхой арга хэмжээ авах ёстой. Өнөөдөр бид ямар нэгэн хэмжээгээр бусдын анхааралд өртөх болж, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн. Харамсалтай нь энэ үйлдэл илэрч шийтгэгдсэн нь анхных болохоос биш сүүлчийнх биш гэдгийг л хэлэх байна.
Г.ЦОЛМОН