Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Томаш Бравэнэцтэй уулзжээ. Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхим буюу Еврочам нь Европ, Монголын бизнес эрхлэгчдийг холбох зам гүүр болох зорилгоор 2019 онд байгуулагдсан, том, жижиг, гадаад, дотоодын 150 орчим гишүүнтэй төрийн бус байгууллага юм. Энэхүү уулзалтаар хоёр тал Монголын компаниудын экспортын чадавхын судалгааг хийж, Европт экспортлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, кластераар хөгжүүлэх чиглэл болоод хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөмж өгөх талаар ярилцжээ. Мөн үзэсгэлэн худалдаанд үйлдвэр эрхлэгчдийг оролцуулахад дэмжлэг үзүүлэх, экспортын чиг баримжаатай уул уурхайн бус үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийн агентлагийн хүний нөөцийг чадавхжуулж, хамтран ажиллахаар тогтлоо. Цаашид Монгол Улсын хувьд экспортын санхүүжилтийг нэмэгдүүлэх, тусгайлсан экспортыг дэмжих бүтэц зайлшгүй шаардлагатай байгааг Еврочам онцоллоо.