Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын эхэнд түүхт ойг угтаж салбарын хэмжээнд хийж байгаа ажлуудаас дурдаад, Зэвсэгт хүчний өнөөгийн байдал, ололт амжилтын талаар товч мэдээлэл өгөв. Үүний дараа “Харанга” хамтлагийн уран бүтээлчид Зэвсэгт хүчний түүхт ойд зориулан зохиосон нэртэй шинэ уран бүтээлээ өлгийдөн авснаа эрхэм сайдад танилцууллаа. Улмаар сайд тэдэнд хандаж хэлэхдээ “Зуун жилийн ойн босгон дээр туурвисан уг бүтээл нь салбарын хэмжээнд гэлтгүй Монголын ард түмний сэтгэлийг хөндөх сайхан дуу болжээ. Та бүхний цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэсэн юм. “Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай “Манай хамтлагийн гишүүд армид бүгд ахлагч явсан хүмүүс. Хэдий бид өдгөө 60 гаруй настай ч уран бүтээлээ туурвисаар жавхаатай яваа нь цэргийн албаны ач гавьяа гэж боддог. Эр хүн цэрэгт явснаар тэсвэр хатуужил, тэвчээрийг олж авдаг. Зэвсэгт хүчний 100 жилийн ой гэдэг нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй баяр. Уг ажлын хүрээнд хамтлагийн гитарчин УГЗ Ц.Чулуунбат үг, аяыг нь бичиж, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчидтэй хамтран энэ дуугаа өлгийдөн аваад удаагүй байна. Ирээдүйд эр хүн бүрийн дуулах дуртай жагсаалын дуу болно хэмээн найдаж байна” гэв. Мөн өнөөдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярыг угтаж маш олон сонирхолтой үзмэр, үнэт цуглуулга бүхий "Мөрдэстэй цуглуулагч" үзэсгэлэн үүд хаалгаа нээлээ. Зэвсэгт хүчний жанжин штаб, "Мөрдэстэй цуглуулагч" НҮТББ-ын хамтран зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд хурандаа Д.Цог-Эрдэнэ "Хонх болон цамхаг", дэд хурандаа Д.Өлзийдаваа "Медальон", бэлтгэл хурандаа С.Эрдэнэтөгс "Дэлхийн II дайны үеийн дурсгалын зоос, медальон", хурандаа Ө.Батмөнх "Их буу", дэд хурандаа Р.Өнөржаргал "Заан", дэд хурандаа Л.Гантөмөр "Халбага" зэрэг өөрийн үнэт цуглуулгаа дэлгэж, зорин ирсэн үзэгчдийн мэлмийг баясгажээ. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний олон арван алба хаагч мөн хувийн цуглуулгаа үзэсгэлэнд дэлгэсэн байна. Ташрамд сонирхуулахад, Зэвсэгт хүчний цуглуулагчдын анхны үзэсгэлэн 2012 онд "Хобби" нэртэйгээр гарч байсан аж.