Хятад иргэдтэй тохиролцож 12-16 насны дөрвөн охиныг хил дамнуулан худалдахыг завдсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяагаас тодруулахад “Ор үндэслэлгүй мэдээлэл байна. Манай дүүргийн нутаг дэвсгэрт ийм хэрэг гараагүй. Ямар ч Т, Б, Г гэсэн охид, тэдний ар гэрийнхэн манайд хандаагүй” гэв.
Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас энэ талаар тодруулахад “Дөнгөж сая тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаас энэ талаар тодрууллаа. Баянгол дүүрэгт ийм хэрэг гараагүй, ор үндэсгүй мэдээлэл гэж байна. Дээрх мэдээллийг цацсан сэтгүүлчтэй холбогдлоо. Үнэнийг хэлэхэд, ийм ор үндэсгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсанд харамсаж байна. Олсон мэдээллийнхээ үнэн зөв эсэхийг нягталж, олон эх сурвалжаар баталгаажуулах ёстой” гэв.
Б.ЭНХ