Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт уулзалтыг зохион байгуулж, нийслэлийн асрамж, халамжийн 28 төвд 867 орчим хүүхэд амьдарч буй гэх хамгийн сүүлийн үеийн тоо мэдээлэл өглөө. Мөн “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017-2020 онд хараа хяналтгүй 441, хараа хяналт сул 564, хөдөлмөр эрхлэгч 220, нийт 1225 хүүхдийг илрүүлсэн гэв. Арга хэмжээгээр илэрсэн хүүхдүүдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулга, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна. “Хүүхдийн тусламжийн утас-108 төв”-д өнгөрөгч 2020 оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт 2717 дуудлага иржээ. Үүнээс эрсдэлийн түвшин өндөр 2131, эрсдэлийн түвшин дунд 269, эрсдэлийн түвшин бага 237 хүүхэд байна. Үүнээс хяналтад 1336 хүүхэд бий гэнэ. Нийслэлийн хэмжээнд 2019 онд 1418, 2020 онд 432 хүүхэд түр хамгаалах байраар үйлчилгээ авсан байна. Түр хамгаалах байранд нэг хүүхдийг тав хоногийн хугацаатай байрлуулж, үйлчилгээ үзүүлэх зардал 60 680 төгрөг аж. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд 2020 онд 1326 хүүхэд ирсэн бөгөөд ихэнх хүүхэд 10 хоногоос 3 сар хүртэл хугацаагаар байрладаг аж. Хүүхдийн эрх ашигтай холбоотой мэдээлэл хариуцлагатай хандаж мэдээлэхээс урьдаж мэргэжлийн байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг уулзалтын үеэр онцоллоо. Учир нь хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, анги зэрэг хувийн мэдээллийг нууцлахгүй мэдээлэх явдал их гэнэ. Тиймээс уг уулзалтаар албан хаагчдад хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм танилцуулж, үйл ажиллагаанд нь хэрэгжүүлэх, хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, анги зэрэг хувийн мэдээллийг нууцлах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн мэдээ, мэдээллийг бэлтгэхдээ мэдээллийн тэнцвэртэй, үнэн бодит байдалд анхааран талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэхэд анхаарахыг хэвлэл мэдээллийн ажилтнуудад уриаллаа.