Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын Баянхошуу дэд төвийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүхий л боломж нөөцөөр дэмжих зорилготой бизнесийн инкубатор хөтөлбөр юм. Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, нэн тэргүүний хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгох юм. Бүр тодорхой хэлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, иргэнийг ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон бойжуулна. Инкубаторт элсэхийг хүсэгчдэд нэгдүгээрт, эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх, хоёрдугаарт, инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаандаа мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх, гуравдугаарт, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдал эрэлхийлэх гэсэн цөөн шаардлага тавина. Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай. Гуравдугаар сарын 11-21-ны хооронд материал хүлээн авах юм.