МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар тус зөвлөлийн 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлан мэдээллийг сонсож, даргыг сонголоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хурлыг нээж хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын дэргэд 23 зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Ноос, ноолуурын зөвлөл. Бид 2019 онд энэ зөвлөлийг танхимын дэргэд ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдийг хамтран гаргасан. Цаашид ч үйл ажиллагаагаа идэвхжүүлж, энэ салбарт тулгамдсан асуудлаа зөв эрэмбэлж, боломжит гарц, шийдлийг санал болгоход анхаарч ажиллах хэрэгтэй гэв. Түүнчлэн МҮХАҮТ-аас Монгол Улсын ноолуурын зах зээлийн 2020 оны төлөв байдлын судалгаа хийснийг дурдаад судалгааны дүнд Засгийн газраас ноолуурын санхүүжилтийг олгохдоо босго үнэ тогтоож байсныг шийдвэрлүүлж чадсаныг онцлов. Ноос, ноолуурын зөвлөлийн энэ удаагийн хуралд гишүүн байгууллагуудаас гадна салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг урьж оролцууллаа. Тус зөвлөлийн даргад “Анна кашмер” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Ариунжаргал, “Гоёл кашмер” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Ариунаа нар нэр дэвшин, оролцогчид нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөрийг сонсон, асуулт асуув. Санал хураалтаар Б.Ариунаа МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн даргаар сонгогдлоо. Тэрээр энэ салбарт 25 жил ажилласан туршлагатай, цаашид кластерийн системийг дэмжиж ажиллах, гадаад зах зээлийг тэлэх, олон улсын санхүүжилт, төсөл хөтөлбөрүүдийг татах зэрэгт анхаарч ажиллана гэв. МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөлүүд нь тухайн салбарынхаа бизнес, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг сайжруулах, өмгөөлөх, нөлөөлөх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүд хоорондын уялдаа холбоог сайжруулж мэдээ, мэдээллээр ханган ажилладаг байна.