Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин Я.Мөнхөөгийн азарга адууг бэлчээрт нь буудаж ачаад явжээ гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан юм. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн хэлт сийн Эрүүгийн тасгийн дарга, ахмад Г.Цоодолоос тодруулав.
-Он солигдох мөчид айлын азарга адууг бэлчээрт нь буудаж ачиж явсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг зэргэлдээ аймгийн махны ченжүүд, малын хулгайч нартай хамтран үйлдсэн байж болзошгүй талаар мэдээлжээ. Үнэхээр ийм хэрэг гарсан юм уу?
-Дарви сумын малчин Я.Мөнхөөгийн азарга адууг буудаж ачиж явсан гэдэг нь ташаа мэдээлэл. Ийм хэрэг Дарви суманд гараагүй. Яагаад ийм мэдээлэл цацагдах болов, энэ мэдээллийг хэн, хаанаас, ямар учиртай тараав гэдгийг аймгийн Цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Ташаа мэдээллээс болж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас төрүүлж болохгүй.
-Говь-Алтай аймагт малын хулгайн гэмт хэрэг хэр гардаг юм бол. Гурван сумын нутаг дамжин 50 гаруй адуу хулгайлсан бүлэг этгээдийг баривчилсан гэж сонслоо.
-Бусад аймагтай харьцуулахад манай аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг харьцангүй бага боловч өнгөрсөн онд өссөн нь энэ төрлийн гэмт хэргийн нуугдмал үйлдлийг илрүүлж байгаатай холбоотой. Манай аймагтай хил залгаа Завхан, Баянхонгор аймгийн сумдаар дамжин малын хулгайн хэрэг гарч байгаа бөгөөд зохион байгуулалтын хэлбэрт шилжиж байна.
Өнөөдрийн байдлаар Дэлгэр, Тайшир, Жаргалан сумын нутгаас гурван удаагийн үйлдлээр 50 гаруй тооны адуу хулгайлсан хоёр бүлэг этгээдийн үйлдсэн хэргийг илрүүлэн, шалгаж эхэлсэн. Малчид малаа алдсан даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өөрсдөө олон хоногоор хайж, олдохгүй болохоор нь манайд ханддаг нь эрэн сурвалжлах ажлыг шуурхай явуулах, халуун мөрөөр нь илрүүлэхэд хүндрэл учирдаг.