Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, уг төслийн ажлын хэсгийн гишүүн Д.Ганзоригтой ярилцлаа. Шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар удахгүй хэлэлцэх юм.
-Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 1993 онд баталж, дараа жилээс нь мөрдөж эхэлсэн. Ингэхдээ нэлээд маргаантай батлагдсан юм. Учир нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо нь засаг захиргааны нэгж бол хот, тосгон нь төвлөрсөн суурин. 1960 оны Үндсэн хуулиар хотыг засаг захиргааны нэгжид хамааруулдаг байсан ч 1992 оны “Эцэг хууль”-иар ингэж тооцохоо больсон юм билээ. Нүүдлийн соёл иргэншилтэй манай улсад хотжих тухай ойлголт 1960 оноос хойш л бий болсон шүү дээ. Үүнтэй холбоотой ч байж магадгүй, судалгаа шинжилгээ, зохион байгуулалтын хувьд анхаарал хандуулаагүйгээс шалтгаалсан уу, энэ хуулийг батлаад л мартсан гэж хэлж болно. Түүгээр ч зогсохгүй уг хууль үндсээрээ зөв байсан уу гэсэн асуулттай тулгардаг. Тиймээс хэрэгжилтийг нь хоёр зүйлээр л дүгнэж болох юм. Нэгдүгээрт, хэрэгжүүлэх боломж нь тааруу байсан. Яагаад гэвэл өнөөдөр үйлчилж буй бүх хууль засаг захиргааны нэгж буюу аймаг, сумын бүтцэд тулгуурлан хэрэгждэг. Хоёрдугаарт, үүнийг хэрэгжүүлье гэж аль ч түвшинд зориогүй. Жишээ нь, хот нь өөрийн өмчтэй байна гэсэн заалтыг хэрэгжүүлье гэж оролдож байгаагүй. Нэг талаас объектив шалтгаанаар, нөгөө талаас хүний хүчин зүйлээс хамаарч энэ хуулийг хэрэгжүүлээгүй гэж хуульч, судлаачид дүгнэдэг. Тиймээс 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн бүлгийн заалтуудыг нэлээд анхаарсан.
-Хот, тосгоныг удирдлагатай, газар нутагтай, татвартай, өмчтэй болгоно гэсэн үг үү?
-Хот, тосгоныг засаг захиргааны нэгж (нутаг дэвсгэртэй, удирдлагатай) гэж ойлгож болохгүй. Дэлхийн түүхийг харвал улсууд хотжих, засаг захиргаагаа хуваарилах процессоо хоёр утгаар хэрэгжүүлж ирсэн. Эхнийх нь жам ёсоороо үүссэн суурин газрыг дагалдуулж зохион байгуулалтаа хийх арга зам. Нөгөөх нь зохиомлоор буюу төр газар нутгаа хувааж, хуваарилах хэлбэр. Бидний хувьд яагаад ийм асуудалтай тулгараад байна вэ гэвэл бүрэн хотжиж чадаагүйтэй холбоотой. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг “амьдруулах”, хотын амьдралыг шийдвэрлэхэд зайлшгүй тавигддаг хэдэн асуудал бий. Жишээлбэл, Дархан, Эрдэнэт (хуучнаар), Чойбалсан, Замын-Үүд гэсэн төвлөрсөн суурин газарт амьдарч буй хүмүүсийн тавьдаг шаардлагуудыг багцалж үзвэл бие дааж хөгжих тухай л байдаг. Өөрөөр хэлбэл, асуудлаа өөрсдөө шийддэг, тэгэхийн тулд удирдлага, зохион байгуулалттай, газар нутгаа хамарсан шийдвэр гаргадаг зөвлөлтэй, төсөвтэй, өмчтэй байх буюу хотын бие даасан хөгжлийг л хүмүүс хүсдэг. 30 жилийн турш бид хотоо засаг захиргааны нэгжтэй нь холбон ойлгож ирсэн. Үүнийг л хуулиар шийдэхийг зорьж байна.
Хот нь эдэлбэр газар, эсвэл нутгийн зааг гэсэн нэртэй тодорхой талбайтай буюу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаагийн хувьд аль нэг аймгийн нутагт оршиж л таарна. Түүнээс биш нэг аймгийн нутаг дээрх хот гэж ойлгоод, зэрэгцсэн удирдлагыг бий болгох гэж байгаа хэрэг биш.
-20 мянгаас дээш хүн амтай бол орон нутгийн, 100 мянгаас доошгүй оршин суугчтай бол улсын зэрэглэлтэй хот болгоно гэж төсөлд тусгасан. Тэгвэл жишээ нь, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарыг хот болгоно гэж ойлгох уу?
-Засаг захиргааны нэгж гэдгээр л үүнийг тайлбарлах гээд байна. Хот, тосгон бол төвлөрсөн суурин бөгөөд энэ газрын дүрэм, журмыг хуулиар бий болгохыг зорьж байна. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн хүрээнд орон нутгийн зэрэглэлтэй Сүхбаатар, Зүүнхараа хотыг бий болгож болно. Аль нэгэнд нь аймгийн захиргаа оршино. Тэглээ гээд энэ хоёр хотын бие даасан хөгжлийг зогсоож болохгүй шүү дээ. Хотдоо заавал нэг аймаг, сум гэсэн нэр өгч, ойлголтын зөрүү үүсгээд байна.
-Хотыг орон нутгийн корпорац гэж тодорхойлсон нь ямар учиртай юм бол?
-Энэ хуулиар юуг шийдэхээ тодорхой болгох ёстой. Үүний тулд хот гэдгийг зөв тодорхойлох учиртай. Дэлхийн ихэнх улс хотоо орон нутгийн корпорац гэдэг. Корпорац гэдгээр нь хүлээн зөвшөөрч, тодорхойлох, эсэх нь эхний асуудал. Хоёрдугаарт, орон нутгийн корпорац нь эрх зүйн харилцаанд хэрхэн оролцох вэ гэдгийг шийдэх юм. Тухайлбал, хот нь орон нутгийн корпорац болохынхоо хувьд иргэний эрх зүйн харилцаанд оролцож болох, эсэх гэх мэт суурь асуудлууд бий. 1993 оны хуульд хотыг тодорхойлох төдий орхисноос биш, эрх зүйн харилцаанд ямар үүрэгтэйг нь тусгаагүй. Гуравдугаарт, тухайн хотод ямар асуудал үүсэх, оршин суугчид юуг нь хариуцах ёстой вэ гэсэн заагийг гаргах хэрэгтэй. Жишээ нь, замын түгжрэлийг заавал төр оролцохгүйгээр оршин суугчид нь шийдэх учиртай.
Одоо мөрдөж буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд хотын чиг үүргийг зааж өгөөгүй. Налайх хотод 2015 онд захирагч сонгож, ажиллуулж үзсэн удаатай. Гэвч тухайн захирагчийн хийх ажил нь тодорхой байгаагүй. Тиймээс шинэчилсэн найруулгаар хотын чиг үүргийг нарийвчлан тусгаж байгаа.
Дөрөвдүгээрт, төсөв, өмч хөрөнгийн асуудал маш чухал. Манай улс Төсвийн тухай хуулийн дагуу засаг захиргааны нэгжүүдээр дамжуулан төсвөө хуваарилдаг. Цаашид ийм байдлаар явах уу гэдгийг энэ хуулиар шийднэ. Үүнээс гадна шинээр бий болж магадгүй нэг зүйл нь хотын өмч. Хотын талбайг цэвэрлэдэг машиныг засаг захиргааны нэгж, эсвэл хотын аль нь өмчлөх тухай асуудал тулгарна. Бие даасан үйл ажиллагаа явуулахад эдийн засгийн баталгаа чухал шүү дээ. Ер нь эдийн засаг, санхүүгийн асуудал бол чиг үүрэгтэй нь хамт шийдэх, удирдлага, зохион байгуулалтаас ч илүү анхаармаар, нарийн төвөгтэй зүйл юм байна лээ.
Тавдугаарт, хотын удирдлагын хийх ажил. Үүн дээр нь нэмээд нэгжийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлдэг болох юм. Тухайлбал, төрөөс үзүүлдэг үйлчилгээг хотын удирдлагаар хэрхэн хийлгэхийг зөвөөр шийдэх ёстой. 1993 оныхтой харьцуулахад одоо бол хот, тосгодын удирдлагад засаг захиргааны нэгжийн ийм үүргийг ногдуулна шүү гэдгийг Үндсэн хуулиар зохицуулсан, мөн “Нэгжийн хууль”-иар аль түвшний ажлыг хэрхэн хариуцуулахыг тодорхой болгосон. Зургадугаарт, хот нь тухайн улсын хөгжлийн хувьд гүйцэтгэх үүрэгтэй байх ёстойг бодолцох учиртай. Жишээ нь, Замын-Үүд бол улсын эдийн засгийн томоохон төв гэх мэтчилэн гүйцэтгэх үүргийг нь харж, бодлогоо тодорхойлох нь зүйтэй.
-Нэгжийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хот, тосгоны удирдлага хэрэгжүүлнэ гэхээр тухайлбал, юуг нь хариуцаж болох вэ?
-Иргэн ба төрийн харилцааны хамгийн эхний хэлбэр нь бүртгэл. Тухайн хотод 25 мянган хүн оршин сууж байгаа бол бүртгэлийг нь өөр нэгжийн дарга хийх үү, эсвэл хотын удирдлага хариуцах уу. Төрийн хийдэг маш олон ажил бий. Тиймээс алийг нь хот, тосгоны удирдлагаар хэрхэн хийлгэх вэ гэдэг уялдааг нь хуулиар бий болгох ёстой. Ажлын хэсгийнхний хувьд аль болох хотын удирдлагаар хийлгэхийг зорьж байна.
-Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засвар, соёлын төв, номын сан, музейн менежментийн асуудлыг хотод нь хариуцуулах юм билээ. Тэгэхээр хот дотор буй сургууль, цэцэрлэгийн удирдлагыг хэн томилох юм бэ?
-Нэгдүгээрт, Боловсролын тухай хуулийн дагуу тэднийг аймгийн, эсвэл сумын Засаг дарга томилдог. Бид арай өөр зүйлд анхаарч, асуудлыг чухалчилж байна. Жишээ нь, энэ онд бүх сумын сургуулийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгоно. Эдгээрийн ус, дулааныг хэрхэн шийдэх, яаж цэвэрлэхээс авхуулаад үүсэх олон асуудлыг оршин суугчид нь хариуцуулах ёстой. Асуудлаа хамгийн ихээр мэдэх, тэр газрынх нь иргэдэд аливаа ажил үүргийг хуваарилах зарчим бол дэлхий нийтийн зарчим. Хүн томилох гэх мэт удирдлага, зохион байгуулалт нь хамгийн их анхаарах асуудал биш болов уу. Гадаадын улсуудыг харахад эцэг, эхийн, эсвэл сургуулийн зөвлөл нь захирлаа томилдог буюу төр аль болох бага оролцдог жишиг бий.
-Зөвлөл, захирагчийн сонгууль явуулах юм байна. Тэгэхээр УИХ, орон нутгийн сонгуулиас тусад нь зохион байгуулна гэсэн үг үү?
-Өнгөрсөн орон нутгийн сонгууль бараг УИХ-ынх шиг болчихлоо. Уг нь орон нутгийн буюу иргэдийн төлөөлөгчдийг сонгож байгаа сонгууль. Тэгэхээр эдгээр сонгуулийн зааг, ялгааг аль болох гаргах хэрэгтэй байна. Ер нь бид яах гэж орон нутгийн сонгуулийг зохион байгуулж байгаагаа ойлгож, хандлагаа өөрчлөх шаардлагатай. Хотын зөвлөлийн гишүүн, захирагчид нэрээ дэвшүүлж байгаа хүн тухайн хотоо хөгжүүлнэ гэж л амлана. Ийм учраас үүнийг улс төр, элдэв намчирхлаас аль болох хол байлгах учиртай. Иргэн ч гэсэн тосгоныхоо захирагчийг сонгохдоо хэн гэдгийг нь чухалчилж, сонгуульд ханддаг одоогийн хэв маягаасаа татгалзах нь зөв. Тэгээд ч сонгуулийг зохион байгуулдаг олон арга бий шүү дээ. Жишээ нь, сурталчилгаа, материалыг нь интернэтээр үзэж, гэрээсээ шуудангаар саналаа илгээчихэж болно.
-Сонгуульд нь улс төрийн намаас нэр дэвшүүлэхгүй юм билээ.
-Улс төрөөс ангид байлгавал хот бие даан хөгжинө. Жишээ нь, нийслэлийн ИТХ 2019 онд авто замын хураамж авах шийдвэр гаргасан ч иргэд эсэргүүцсэнээр цуцалсан. Мэдээж дараа нь болох УИХ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлөх вий гэдгээс болгоомжилсон хэрэг. Уг нь бол тэр хураамжийг аваад, замаа засаж байгаагаа ил тод харуулж, санхүүгийн зарцуулалтаа тайлагначих юм бол эцсийн дүндээ оршин суугчид нь л “хожих” байсан.
-Хот татвартай, ОНХС (Орон нутгийн хөгжлийн сан)-тай, улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан болон өөрийн эх үүсвэрийн хөрөнгөтэй байна гэсэн.
-Мэдээж тодорхой ажлуудыг хийхэд мөнгө хэрэгтэй. 100 төгрөг шаардлагатай байгаа бол 50 төгрөгийг нь татвараас олох боломжтой. Нөгөө талаас улсаас төсөв хуваарилж, 30 төгрөгийн дэмжлэг үзүүлж болно. Харин үлдсэн 20 төгрөгөө олох санхүүгийн боломжийг нь хуулиар нээж өгөхийг зорьж байна. Тухайлбал, хот үнэт цаас гаргаж, эсвэл тусгай сангуудтай байж болно. Хамгийн чухал нь хотыг хөгжүүлэхийн тулд аль болох улс, аймгийн төсвөөс хараат бус байлгах учиртай. Иргэн хотоос үйлчилгээ авч байгаагийн хувьд төлж буй мөнгө гэж татварыг ойлгомоор юм байна лээ.
-Хуулийг хэрэгжүүлснээр хэчнээн аймгийн төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгох боломжтой талаарх тоо бий юү?
-Хуулийн шаардлага, болзолд нийцэхүйц улсын зэрэглэлтэй хот хэд байх, орон нутгийн зэрэглэлтэй нь хэчнээн болох вэ гэдгийг ажлын хэсгийн түвшинд тооцсон. 20 гаруй хот, тосгон, 10 гаруй суурин газар бий болно гэсэн судалгаа байгаа. Гэхдээ уг ажлыг Засгийн газар хийнэ. Улсын эдийн засаг, цаашдын ирээдүй, үндэсний аюулгүй байдал гэх мэт олон зүйлийг харгалзан УИХ-д санал оруулж ирснээр шийдвэрлэх юм.
-Хотын захирагчийг эгүүлэн татах, бүрэн эрх нь дуусгавар болох, мөн хотын хороод нь хүртэл захирагч, зөвлөлтэй ажиллах гэх мэтчилэн зохицуулалт тусгасан байсан шүү дээ.
-Одоогоор иймэрхүү нарийн асуудлыг эцэслэн тогтоогоогүй. Жишээ нь, улсын зэрэглэлтэй хот хэдэн хүн амтай, хэчнээн шатлалтай, ямар нэршилтэй байхыг хэлж мэдэхгүй, энэ хууль зөвхөн төслийн хэмжээнд байгаа. Дээр дурдсан зургаан асуудлаа эхлээд зөвөөр шийдэж байж дараагийн алхам руу ойртох учиртай.