Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амар батыг тойрсон дуулиан дахиад дэгдлээ. Тэрбээр өнгөрсөн хавар өмгөөлөгч Э.Ганчимэгийг хүчирхийлсэн, АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн даалгавраар түүнийг тагнаж чагнасан, нэр төрөө сэргээлгэх шүүх хурал гээд олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэгвэл энэ удаа түүнийг бусдад хутгалуулсан гэх дуулиан дэгдэв. Гэвч тэрбээр болсон явдлыг үгүйсгэж “Би эрүүл саруул байна” хэмээн мэдэгдэж буй аж.
Гэхдээ энэ нь асуудлыг хэвлэлийнхнээс нууж чимээгүй өнгөрөх гэсэн байж болзошгүй байна. Энэ талаар АТГ-ын албаны хүнээс лавлахад “Мөрдөн байцаагч Э.Амарбат ээлжийн амралттай байгаа. Түүнийг халдлагад өртсөн талаар цагдаагийн байгууллагаас манайд мэдэгдсэн. Ажил үүрэгтэй нь холбоотойгоор халдав уу гэдэг нь тодорхойгүй байна. Асуудлыг яаралтай тодруулах зорилгоор цагдаагийн байгууллагад хүсэлт тавьсан. Хариу ирээгүй байна.
Цагдаагийнхнаас энэ талаар тодруулсан нь дээр байх” гэлээ. Энэ тухай мэдээлэл цагдаагийн байгууллагын рапортад байхгүй бөгөөд хэвлэлд ийм мэдээлэл гарсны дараа цагдаагийн нэгэн дарга Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн даргад танилцуулга ирүүлэхийг тушаасан байна. Цагдаагийн байгууллагын баттай эх сурвалжийн мэдээлснээр “Зарим хэвлэлд гарсан шиг Э.Амарбат 16 удаа хутгалуулсан гэдэг нь худлаа. Гэхдээ бусдад хутгалуулсан нь тогтоогдсон. Харин 16 оёдол тавиулсан” гэсэн юм. Албан бус нэгэн эх сурвалж энэ хэргийн талаар “Сүхбаатар дүүргийн иргэн З.Эрдэнэболд гэдэг хүнтэй эхнэр хүүхдийн асуудлаас маргалдан зодолдсон юм билээ.
Э.Амарбат, З.Эрдэнэболд нар хамт сурч байсан найз гэсэн. Тэгээд энэ асуудлаа цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй дарахаар жижүүрийн бүртгэлд оруулалгүй өнгөрснөөр барахгүй гомдолгүй гэж мэдүүлж байгаа юм билээ. Гэхдээ цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа. Э.Амарбат Цэргийн клиникийн төв эмнэлэгт очиж 16 оёдол тавиулан, хэвтэж эмчлүүлж байгаа. Түүнийг хамтран амьдрагч Баяртөгс гэдэг эмэгтэй сахиж байгаа. Э.Амарбат толгойдоо шархтай” гэсэн юм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах албаны ажилтнаас энэ талаар тодруулахыг хүссэн боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Түүний өмгөөлөгч О.Баасанхүү Э.Амарбатыг бусдад хутгалуулсан гэдэг мэдээллийг няцааж байгаа бөгөөд харин эмнэлэгт хэвтэж буйг нь нуусангүй. Тэрбээр “Хувь хүний нууцтай холбоотой болохоор ямар шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн талаар нь мэдээлэл өгөх боломжгүй. Миний үйлчлүүлэгчийг эрхэлж буй ажилтай нь холбогдуулан байнга гүтгэж байдаг шүү дээ. Өнгөрсөн баасан гаригт бид уулзахад зүгээр байсан.
Э.Амарбат эмнэлгээс гараад энэ ташаа мэдээллийн талаар тайлбар хийнэ” гэсэн юм. Цагдаагийн байгууллагын өөр нэгэн ажилтнаас болсон асуудлын талаар зарим мэдээлэл авлаа. Тэрбээр энэ бол эрчүүдийн хооронд байдаг жирийн л нэг маргаан, сүртэй юм байхгүй. Э.Амарбат гэдэг хүн холбогдсон болохоор л дуулиан шуугиан болгоод байгаа юм шиг байна. Зарим хэвлэлд бичсэн шиг 16 удаа хутгалуулсан явдал байхгүй. Энэ сарын 6-ны 22.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Брой хаус” төвөөс Э.Амарбат найз З.Эрдэнэболдыгоо авахаар очсон юм билээ.
Нэлээд согтуу найз нь түүнд агсам тавьж янз бүрийн асуудал болж. Улмаар гарын шуу, хөлөнд нь 3-4 удаа хутгалж гэмтээсэн. Өөрөө энэ асуудалд гомдолгүй, эр улсын хооронд байдаг зүйл гэсэн” гэлээ. Цэргийн клиникийн төв эмнэлгийн эх сурвалжаас энэ талаар 18.00 цагийн үед лавлахад “Э.Амарбат гэдэг хүн манай эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Толгойдоо болон гартаа хутгалуулсан шархтай ирсэн. Өвчтний түүх дээр “Нэг найзыгаа эхнэртээ агсам тавиад цохих гэхээр нь урдуур нь ороод ийм явдал болчихлоо” гэж өөрөө тайлбарласан байна лээ. Толгойдоо авсан гэмтэл нь хүндэвтэр байх магадлалтай” гэв.
Г.РАВЖАА