Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төв банк, Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкуудын төлөөлөл оролцож, ажлын байрыг дэмжих зээлийн талаар нэгдсэн мэдээлэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Ажлын байрыг дэмжих" хоёр их наяд болон "Хөдөө аж ахуйг дэмжих" 500 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. "Ажлын байрыг дэмжих" хоёр их наядын зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байх бөгөөд аж ахуйн нэгжүүд 500 хүртэлх сая, бичил бизнес эрхэлдэг иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс зөвхөн НӨАТ төлдөг байх гэсэн шалгуурыг тавьжээ. Харин бизнес эрхлэгч иргэдийн хувьд тус зээлийг хэрэглээндээ зарцуулах бус зөвхөн бизнесээ идэвхжүүлэхэд зориулах шаардлага тавина. Үүнээс гадна арилжааны банкаар дамжин зээл олгох учир банкуудын шаардлагыг хангасан байх ёстой. Арилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодорхойлолт шаардахгүй болохыг онцолсон юм. Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл олгохоор дээрх хөтөлбөрт тусгасан. Үүнээс газар тариаланд 100 тэрбум, хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн тус бүр гурван хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Газар тариалан болон ноолуур бэлтгэлийн ажилд зориулсан 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгоно. Харин малчдад зориулах зээл арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдох юм. Дээрх зээлүүдийг технологийн хугацаа буюу хаврын тариалалт болон ноолуур бэлтгэх ажлаас өмнө амжиж олгох юм. Тодруулбал, ажлын байрыг дэмжих зээлийг маргаашаас олгож эхэлнэ.