Жендэрийн үндэсний хорооны ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалав. Уг хороог тэргүүлж, удирдлагаар хангах үүргийг Ерөнхий сайд хуулиар хүлээдэг бөгөөд Л.Оюун-Эрдэнэ анхны хурлаа даргалсан нь энэ. Тэрбээр хурлын үеэр хэлсэн үгэндээ эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн идэвхтэй байлгахад анхаарах хэрэгтэй талаар хөндсөн. Ингэхдээ “Эмэгтэйчүүд эрт гэрлэж байна. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэргийн албанд явуулахаас өөр аргагүй байдаг. Ингэж байж хөдөлмөрийн идэвхтэй иргэнийг бий болгоно. Манай улсын ажиллах хүч 1.5 сая. Үүний 50 хувь нь идэвхгүй байж болохгүй” хэмээсэн нь сүүлийн хэдэн хоногийн ярианы сэдэв болов.
Ерөнхий сайд минь, эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй оролцогч байлгая, хүн амынхаа тал хэсгийн нөөцийг ашиглая гэвэл тэдний гар, хөлөнд зүүсэн олон чөдөр, тушааг тайлах, суллах чиглэлд л арга хэмжээ ав. Цэцэрлэг, яслийн хүртээмжийг нэмэгдүүл. Хонон өнжин дугаарлаж, мөргөж сөгдөн гуйж, авлига хахууль өгөөд ч цэцэрлэгт хүүхдээ өгч чаддаггүй байдлыг халж, хүссэн үедээ хүүхдээ даатгаж орхиод ажилдаа орох боломжийг ээжүүдэд олго
Ажиллах хүчнийхээ нөөцийг бүрэн ашиглаж, ажилгүйдэл, бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийг устгах нь иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, хөгжлийг түргэтгэх гол гарц гэж аль өнгөрсөн зууны дунд үеэс хойш ярьж буй. Энэ утгаараа ажиллах хүчний талыг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд бүрэн оролцуулах ёстой гэсэн санаа түүний хэлсэн үгийн цаана байсан гэж гөрдөж ойлгох гээд ч болохгүй нь. Түүний хэлсэн үгийг яаж ч сонссон “Монгол эмэгтэйчүүд ажил хийх хүсэлгүй, идэвхгүй. Эртхэн нэг “хар юм” олж авч, эхнэр нь болоод, хүүхэд төрүүлж, тэжээлгээд хэвтэж байя гэсэн бодолтой” гэсэн утга гарч ирээд байх юм.
Монгол эмэгтэйчүүд ийм идэвхгүй, үхээнц, бэртэгчин гэсэн дүгнэлттэй өмнө нь таарч байгаагүйг ч хэлэх үү, эргэн тойрны бүсгүйчүүд ажил, амьдралын ачааг яаж үүрч дүүрч, зүтгэж явааг хардаг болохоор ч тэр үү, Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нийлж, ухаж ойлгох хүсэл ч төрөхгүй байна. Л.Оюун-Эрдэнэ хаанаас, юу олж сонсоод, яаж яваад ийм дүгнэлтэд хүрснийг мэдэхгүй. Ямар нэг судалгааны тоо баримтыг гүйлгэж хараад, өнгөц дүгнэсэн үү, магадгүй улс төрд, түүний ажилладаг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага болохоор ингэж бодсон байж ч мэдэх юм.
Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний оролцооны түвшний судалгаагаар хүйсийн ялгаа мэдэгдэхүйц нэмэгдэж буй дүн гарч буй нь үнэн. 1996 онд хүйсийн ялгаа 4.8 хувь байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо арав гаруй хувьд хүрсэн. Эмэгтэйчүүд зонхилдог эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний талбарт сул орон тоо нэмэгдсэн гэсэн судалгаа ч гарсан. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдийн залхуу, идэвхгүй, биеийн амрыг харж, бэлэн хоол идэх хүсэлтэйнх бус. Харин төр, засгийн зүгээс эмэгтэйчүүдэд хандсан бодлого, дэмжлэг дутмаг, нийгмийн хэвшмэл хандлага ч нөлөөлдөг гэж судлаачид дүгнэдэг юм билээ.
“Фридрих Эбертийн сан”-гаас 2019 онд хийсэн “Монголын эмэгтэйчүүд ба хөдөлмөрийн ирээдүй” судалгаанд “Хүүхэд харах, гэрийн ажил хийх, суралцах, тэтгэвэрт эрт гарах зэрэг нь эмэгтэйчүүдийн хувьд хөдөлмөрийн зах зээлээс гарах үндсэн шалтгаан болж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, албан тушаалын ахиц дэвшил, тэтгэврийн хэмжээ болон ядуурлын түвшинтэй шууд холбогдож буй юм… Халамж, үйлчилгээний цалинтай болон цалингүй ажлыг голдуу эмэгтэйчүүд хийдэг. Гэвч одоо хүртэл халамж, үйлчилгээний цалинтай болон цалингүй ажил, асран халамжлах чиглэлд ажиллах хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлага болон жендэрийн тэгш бус байдлын харилцан хамаарлыг харгалзсан бодлогын хэлэлцүүлэг өрнөхгүй байна.
Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн асуудлын үндсэн шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, ар гэрийн болон асран халамжлах үүрэг, хариуцлага, ажил мэргэжлийн сонголтын талаарх уламжлалт ойлголт, нийгмийн хүлээлттэй холбоотой. Түүнчлэн улс төрийн орчин нөхцөл, өндөр настнууд болон хүүхэд харах үйлчилгээний хүрэлцээ хомс байдал ч үүнд нөлөөлж байна” гэжээ. Энэ чиглэлээр хийсэн бусад судалгаанд ч эмэгтэйчүүдийг ажилгүй гэж дуудагдахад хүргэж буй гол хүчин зүйл нь хүүхэд төрүүлж, өсгөх, өндөр настнуудаа асрах гэх мэтийн нэргүй, цаг наргүй хөдөлмөр байдагт санал нэгдэж.
Бүсгүйчүүдийг сайн эзэгтэй, сайн ээж, сайн ажилтан, бас сайн охин, сайн бэр байхыг нийгэм шаарддаг хэвээр байна. Ар гэрээ орхигдуулалгүй, ажилтай, амжилттай явахын тулд бүсгүйчүүд юу туулдгийг тоочих нь илүүц. Хамгийн наад зах нь хүүхдээ цэцэрлэгт өгөх нь ямар олон ээжид давшгүй даваа болж буй билээ. Хүүхдээ хоёр нас хүртэл асрах үүрэг ээжүүдэд л ногддог. Судалгаа авч явахад ажил хийхгүй байгаа шалтгаанаа “Хүүхдээ харахын тулд” хэмээн тайлбарласан эмэгтэй хүн эрэгтэйгээс 15 дахин олон таарсан гэдэг. Үүний хажуугаар хэн нэгнийг асарч сувилах, гэр орон цэвэрлэх, хоол унд хийх гэх мэтэд эмэгтэйчүүд илүү гэж үзэх нь дийлэнх. Энэ бол эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй тоглогч болж, ажил хийхэд саад болдог манай нийгмийн суурь асуудал.
Яг өнөөгийн нөхцөлд бол цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд байна. Албан мэдээнд дурдсанаар лавтайяа 200 мянга гаруй хүн ажлын байраа алдаад буй. Эмэгтэйчүүд голдуу ажилладаг худалдаа, үйлчилгээний салбар таг зогссон. Сургууль, цэцэрлэг хичээллээгүй учраас хүүхдээ харахын тулд ажлаас гарсан ээж ч цөөн биш гэдэгт эргэлзэх зүйл алга.
Энэ мэтийн шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй суугаа, үүнийхээ төлөө Ерөнхий сайдын “идэвхгүй” гэсэн ангилалд орсон ямар олон эмэгтэй байгаа бол. Тэдний хэд нь ажилд орохыг, хамт олонтой болж, нийгмийн идэвхтэй иргэн байхыг, хийж чадах зүйлээрээ өрх гэр, улс орны эдийн засагт нэмэр болохыг мөрөөдөж суугааг хэлэхэд бэрх.
Тэгэхээр Ерөнхий сайд минь, эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй оролцогч байлгая, хүн амынхаа тал хэсгийн нөөцийг ашиглая гэвэл тэдний гар, хөлөнд зүүсэн олон чөдөр, тушааг тайлах, суллах чиглэлд л арга хэмжээ ав. Цэцэрлэг, яслийн хүртээмжийг нэмэгдүүл. Хонон өнжин дугаарлаж, мөргөж сөгдөн гуйж, авлига хахууль өгөөд ч цэцэрлэгт хүүхдээ өгч чаддаггүй байдлыг халж, хүссэн үедээ хүүхдээ даатгаж орхиод ажилдаа орох боломжийг ээжүүдэд олго. Ахмадын асаргаа, сувилгааг ч хөөрхий охин, бэрүүдээс өөр хариуцах эзэнгүй орхисноо эргэж хар. Хүүхэд асрах, өсгөх үүргийг аавууд хуваалцах боломжийг олгож, хүсвэл чөлөөг нь ээжүүдтэй адил өг.
Монголд ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 15 хувиар доогуур байдаг гэсэн судалгааны дүн бий. Бүсгүйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж доогуур байдаг гажгийг анзаарч, тэдэнд хүлээлгэх итгэлдээ харам ханддаг хэвшмэл хандлагаа өөрөөсөө эхлээд бүх түвшинд өөрчлөхийг хичээ. Ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийг эмэгтэйчүүдэд ээлтэй болгох талаар л ярь, юун цэрэгт явуулах, гэрлэх насыг шүүмжлэх.
Дахин хэлэхэд, амныхаа зоргоор цуураад, араас нь уучлал гуйгаад явдаг хөнгөн, хийсвэр Ерөнхий сайдтай байхыг хүсэхгүй байна. Тиймээс уншиж, судалж, ул суурьтай ханддаг, мэддэг зүйлээ ярьж, түүнийгээ ажил хэрэг болгодог байхыг хичээгээрэй, Ерөнхий сайд аа.
Бэлтгэсэн: А.Амина