УИХ дахь Жижиг, дунд үйлдвэрлэлийн Дэд хорооны гишүүд хуралджээ. Хурлын эхэнд ЖДҮГ-ын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа Жижиг, дунд үйлдвэрийн газрын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгсөн байна. Мөн Дэд хорооны гишүүдэд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, ковидын нөхцөл байдлын улмаас авч хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж санал солилцжээ. Түүнчлэн тус газраас дэлхийн 23 орны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүгийн бүтэц, туршлагын талаар судалгаа хийснээ ажлын хэсэгт танилцууллаа. Танилцуулгын дараа дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бодлогын чиглэлийн асуудлыг Жижиг, дунд үйлдвэрийн газар дээр зангидаж, нэгдсэн чиглэл өгөх, тухайн орон нутгийн хөгжилтэй уялдуулсан бодлого хэрэгжүүлэх, цаашид хийхээр төлөвлөсөн ажилдаа анхаарч ажиллахыг даалгаснаар Дэд хорооны ажлын хэсгийн хурал өндөрлөв.