Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ өчигдрөөс хэвийн үргэлжилж эхэллээ. Үүний хүрээнд “Драгон”, “Лавай” авто буудал, Баянзүрхийн зорчигч тээврийн төв буюу “Тэнгэр плаза”-г ариутгаж, халдваргүйжүүлжээ. Мөн коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг тусгаарлах өрөө гаргасныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар баталсан Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохицуулах түр журмыг зорчигчид мөрдөх ёстойг тус төвийнхөн санууллаа. Иргэдийг суулгахаас нэг цагийн өмнө автобусыг ариутгаж буй гэнэ. Мөн зорчигчдын ачааг ч халдваргүйжүүлж байгаа аж. “Драгон”-оос өчигдөр 13.30 цагийн байдлаар 11 автобусаар 149 зорчигч нийслэлээс гарсан байв. 45 суудалтай том оврын автобуснуудаар иргэдийг тээвэрлэж байгаа бөгөөд дээд тал нь 40 зорчигч л суулгана. Иргэдээс коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илрэх, халуурсан тохиолдолд тусгаарлах зорилгоор хоосон суудлуудыг хадгалсан байна.
Хот хооронд зорчих иргэд PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан бол тус төвийн eticket.transdep.mn цахим хуудсанд нэвтэрч тасалбар захиалах ёстой. Шинжилгээний цаг, хариу авах “Гэрэгэ” системийг уг цахим хуудастай холбожээ. Тиймээс зөвхөн хариу нь сөрөг гарсан хүн л тасалбар захиалах боломжтой. Гэтэл үүнтэй холбоотойгоор шинжилгээ өгөөгүй хүн тасалбар захиалж болохгүй байна гэсэн гомдлыг цөөнгүй иргэн авто буудлынханд гаргажээ. Өөрөөр хэлбэл, нэг гэр бүлийн хүмүүс хамт зорчих тохиолдолд зөвхөн нэг нь шинжилгээ өгсөн байх ёстой. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдвар өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Хөдөө явах иргэдийн зорчих хөдөлгөөнийг Шадар сайдын баталсан түр журмаар зохицуулж байгаа. Тус журамд орон нутаг руу явж байгаа гэр бүлийн гишүүдийн нэг нь шинжилгээ өгсөн байна гэж заасан” хэмээн мэдээлсэн юм. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх гэхээр тухайн гэр бүлийн шинжилгээ өгөөгүй гишүүн нь тасалбар захиалж болохгүй байгаа аж. Мөн тасалбараа цахимаар захиалах боломжгүй иргэн цөөнгүй байжээ. Энэ тохиолдол иргэд төрийн үйлчилгээний байгууллагууд дахь Нэг цэгийн үйлчилгээний төвд очиж “Гэрэгэ киоск” машинаар захиалж болно. Мөн авто буудлуудад очиж, тусгайлан бэлтгэсэн компьютероор eticket.transdep.mn цахим хуудсанд нэвтэрч, тасалбар захиалах боломжтой гэнэ.
Тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэд очоод долоо хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой. Харин албан ажлаар түр хугацаанд орон нутаг руу зорчих иргэд тусгаарлагдах шаардлагагүй юм байна. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд ойлгомжгүй олон асуудал үүсээд буй. Тухайлбал, нийслэлээс орон нутагт очсон иргэдэд аймаг, сум бүр харилцан адилгүй шаардлага тавьж, чирэгдэл үүсгэж эхэлсэн гэх. Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр “Орон нутагт зорчиж байгаа иргэдээс санал, гомдол ирж байгаа. Аймаг, орон нутгийн Онцгой комисс УОК-ын шийдвэрийг өөр өөрөөр хэрэгжүүлж байгаа тохиолдол бий. Энэ талаар аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, УОК-ын шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Хяналт тавьж байна. 72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээ өгсөн бол орон нутагт очоод заавал тусгаарлагдах шаардлагагүй. Харин тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэн Улаанбаатар хотоос очиж байгаа бол долоо хоног ажиглалтад байна. Гэхдээ буцах бол шинжилгээний хүчинтэй хугацаандаа багтаж орж, гарах нь чөлөөтэй. Ямар нэгэн байдлаар олон хоног тусгаарлагдах шаардлагагүй. Зарим аймагт 14 хүртэл хоног тусгаарласан гэдэг асуудал ч гарсан. Тийм асуудал огт байхгүй гэдгийг хэлье” гэсэн юм. Хөдөөнөөс нийслэлд ирэх иргэдийн хувьд шинжилгээ өгөхгүй, тандалт, судалгааны асуумж бөглөөд л хот руу орж болох нь.
Бэлтгэсэн: М.Оч