Улсын онцгой комиссынхон өнгөрсөн сарын 11-ний 06.00 цагаас 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоож, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Хөл хорионы хугацаа дууссан ч халдварын голомтыг хумьж, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зорчих хөдөлгөөнийг энэ сарын 1 хүртэл хязгаарлаж, “Нэг хаалга, нэг шинжилгээ” аяныг эхлүүлсэн юм. Тэгвэл өчигдөр 00.00 цагт хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээв. Нийслэлээс орон нутгийг зорих хөдөлгөөн хэрхэн өрнөж буйг сурвалжиллаа.
08.30 цаг. Улаанбаатар хотоос баруун аймгуудыг чиглэсэн хөдөлгөөн энэ үед ачаалал багатай байв. Иргэд сүүлийн 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариугаа үзүүлж орон нутгийг зорих боломжтой. Замын хөдөлгөөн нээснээс хойш 50 гаруй автомашин Баруунтурууны товчоогоор нийслэлээс гарчээ. Халдвар илрээгүй бүс нутгаас нийслэлд ирж буй иргэдэд ямар нэгэн шаардлага тавихгүй бөгөөд тэд шинжилгээний хариу, зөвшөөрлийн бичиггүйгээр Улаанбаатарт нэвтрэх боломжтой. Тус шалган нэвтрүүлэх товчоонд цагдаагийн болон эмнэлгийн долоон алба хаагч үүрэг гүйцэтгэж байв. Шинжилгээний бичиггүй хүн нийслэлээс гарахыг завдсан тохиолдол цөөнгүй байсан гэнэ. Хэрэв гэр бүлийн гишүүн, хамт амьдардаг хэн нэгэн нь шинжилгээнд хамрагдсан бол нийслэлээс гарах боломжтой аж. Гэвч оршин суух хаяг нь зөрүүтэй, хамт амьдардаг, эсэх нь баталгаагүй иргэд өөр хүний шинжилгээний хариуг ашиглан орон нутаг руу зорчих гэсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсныг тэд хэллээ. Биднийг очиход дээрхтэй ижил зөрчил гаргасан хүмүүсийг буцааж байлаа. Улаанбаатараас гарч байгаа иргэдэд хяналт тавих үүрэг бүхий цагдаагийн алба хаагчид “Ачаалал бага, орон нутгийг зорих хүн одоогоор цөөн байна. Бид хөдөлгөөн нээгдсэн үеэс энд үүрэг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд 50 гаруй автомашин орон нутаг руу зорчсон. Цөөнгүй нь шаардлагатай бичиг, баримтаа бүрдүүлээгүйн улмаас нийслэлд үлдсэн. Хөдөө явах иргэд иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох баримт, PCR шинжилгээний хариуг заавал биедээ авч явах шаардлагатай. Шинжилгээний хариу гарснаас хойш 72 цаг өнгөрсөн бол хүлээн авах аймаг, сумын хариуцсан албаныхан түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, нэвтрүүлэх боломжтой” гэв.
09.00 цаг. Нийслэлээс баруун бүсийн аймгууд руу зорчих иргэд 22-ын товчоогоор нэвтрэх шаардлагатай. Эл шалган нэвтрүүлэх товчоо дээрхээс илүү ачаалалтай байлаа. Тэнд зургаан алба хаагч үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд иргэдээр асуумж бөглүүлж, орон нутаг руу зорчих зорилгыг нь нэгбүрчлэн бичүүлж байв. Халдваргүйгээ нотлох PCR шинжилгээний хариугаа шалгуулж, асуумжаа бөглөсөн иргэдийг шалган нэвтрүүлэх товчоогоор гаргаж байв. Тэнд 10 гаруй машин дараалан зогсох бөгөөд жолооч, зорчигч нар орон нутаг руу явах болсон шалтгаанаа алба хаагчдад амаар болон бичгээр мэдүүлж байлаа.
Улсын онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрийн дагуу Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг өнгөрсөн хоёрдугаар сарын 5-9-нд аймгууд руу нь буцаасан билээ. Тухайн үед зохион байгуулалт муу, хүндрэл, чирэгдэл учруулж байна гэж иргэд албаныхныг нэлээд шүүмжилсэн. Тодруулбал, нийтийн тээврээр зорчиж буй иргэд 30 градусын хүйтэнд 3-4 цаг дараалалд зогсож, зарим нь аймаг, нийслэлийн Онцгой комиссынхны уялдаагүй ажлын балгаас болж бүртгэл хийгдээгүй гэх шалтгаанаар орон нутаг руу явж чадаагүй гэнэ. Харин энэ удаад зохион байгуулалт нэлээд сайжирсан нь харагдлаа. 22-ын товчоогоор дамжин орон нутаг руу зорчих иргэдийг дараалалд зогсоолгүй автобусанд нь суулгаж, асуумжийг нь бөглүүлж байв. Иргэд орон нутаг руу нийтийн тээврээр зорчихдоо тасалбараа цахимаар захиалах болжээ. Цахим тасалбарын захиалгын программ нь PCR шинжилгээний “Гэрэгэ” системтэй холбогдсон учир сөрөг хариутай иргэнд л тасалбар олгох гэнэ. Энэ нь алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөөс гадна өөр хүний шинжилгээний бичиг ашиглан орон нутаг руу зорчих эрсдэлээс хамгаалах аж. Алба хаагчдын нэг нь шинжилгээний хариуг шалгаж, нөгөөх нь асуумж бөглүүлэн, өөр нэг нь амаар баталгаажуулан асууж, давтан шалгаад, товчоогоор гаргаж байв.
Улсын онцгой комиссын даргын өнгөрсөн сарын 28-нд баталсан орон нутаг хооронд зорчих түр журамд заасан зарим чухал заалтыг хүргэе.
• 5.4 “Коронавируст (Ковид-19) халдварын тохиолдол илэрсэн бүс, нутгаас өөрийн оршин суух газар луу зорчиж буй, эсхүл удаан хугацаагаар байрлах иргэн долоо хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байна” гэж заажээ. Тиймээс орон нутаг руу зорчих иргэд гэрийн тусгаарлалтад долоо хонож, хугацаа нь дуусах үед түргэвчилсэн, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээ өгөх гэнэ.
• 2.3 “Албаны болон шуурхай ажлын шугамаар хот хооронд дамжин өнгөрч буй, эсхүл 24 цагийн хугацаанд нийслэлээс гарч, буцаж ирэх зорчигчийг харьяалах газрын томилолт, холбогдох байгууллагын шийдвэрийг үндэслэн нэвтрүүлж, гэрийн ажиглалтад байлгахгүй” гэжээ. Нийслэлээс орон нутагт очсон иргэдийн ажлын газрын тодорхойлолт, шуурхай ажилтай байсныг батлах хүсэлт зэргийг харгалзан үзэж тухайн аймаг, сумдын онцгой комисс зөвшөөрөл олгох аж.
• 2.5 “Коронавируст (Ковид-19) халдварын тохиолдол илэрсэн бүс, нутгаас тээвэрлэлт гүйцэтгэсэн жолоочийн ажил, амралт болон халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад тухайн орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж, шинжилгээнд хамруулж буцаана”.
• 5.3 “Коронавируст (Ковид-19) халдварын эсрэг вакцины бүрэн тун авсан, эсхүл тус өвчнөөр өвдөж, эдгэрсэн бол орон нутаг руу зорчихдоо энэ талаарх бичиг баримтыг биедээ заавал авч явна”.