ХЗДХЯ-наас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн эхэнд тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хуулийн төслийн талаар танилцуулга хийв. Тэрбээр "Одоо мөрдөгдөж байгаа Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийг ил тод байлгах асуудлыг, Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагуудын төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, тэдгээртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байх харилцааг зохицуулсан. Гэхдээ хэрэгжилтийн хувьд учир дутагдалтай буюу хуулийг агуулгын хувьд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал, төрөөс ил тод байлгах мэдээллийн талаар хангалттай эрх зүйн зохицуулалтгүйгээс төрийн байгууллагууд нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг “албаны нууц”-д хамааруулан тогтоох боломжтой байгаа нь иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх хөндөгдөхөд хүрч байна. Мөн иргэн, хуулийн этгээд нь төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бий болгохдоо ашиглах боломжийг нээх, төр өөрт байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаарддаг байдал одоог хүртэл байсаар байгааг халах зайлшгүй шаардлага урган гарч байна" гэсэн юм. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны цахимжилт эрчимжиж, технологи нэвтрүүлэх ажил Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж, ахицтай байгаа ч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн уялдаа сул, мэдээллийн технологийн сонголт, хоорондын нийцэл, санхүү, эдийн засгийн үр ашгийн байдлыг үнэлж, дүгнэх болон мэдээллийн сангийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх ажиллагаа хийгдэхгүй байгаа нь хууль, эрх зүйн орчны хувьд дутагдалтай байгаа юм. Иймд дээрх хууль зүйн болон практик шаардлага, судалгаа, тайлан, зөвлөмжид тулгуурлан өнөөгийн нийгэмд үүсээд байгаа тодорхой олон асуудлыг энэ хуулиар цогцоор нь шийдвэрлэхээр зохицуулсан талаар тус яамныхан танилцуулав. Мөн Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис Нийтийн мэдээллийн дэд бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Хэлэлцүүлэгт төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд төгсгөлд нь саналаа хэлж, асуулт, хариулт явууллаа