Канад улсын Төрийн захиргааны институт ТББ /IPAC/-ын зөвлөх Риган Манчинигийн боловсруулсан “Монгол Улсын төрийн албан дахь жендерийн тэгш байдлыг хангах тогтолцоо” гарын авлага, зөвлөмжийг танилцуулах уулзалт боллоо. Төрийн албаны зөвлөлөөс уг уулзалтыг Канад улсын Төрийн захиргааны институт ТББ/IPAC/-ын зөвлөх Риган Манчини, Сюзан Паттерсон, болон бусад холбогдох төрийн байгууллагын албан хаагчдыг оролцуулан цахимаар зохион байгуулсан аж. Төрийн албанд жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд уг гарын авлага, зөвлөмжийг боловсруулсан байна. Зөвлөмжид байгууллагын удирдлага нь жендерийн тэгш байдлыг хангах зорилтод хүрэхийн тулд эмэгтэйчүүдийг гэрээсээ цахимаар, эсвэл хагас цагаар ажиллах боломжийг хангах зэрэг уян хатан байдлаар ажиллах нөхцөл бүрдүүлэх, төлөвлөлт хийхдээ эмэгтэйчүүдээсээ асуух, саналыг нь тусгах, хүйсээр ялгаварласан аливаа төрлийн дарамтыг үл тэвчих хандлагыг төлөвшүүлж, менторшип болон жендерийн сургалтыг хэвшүүлэх зэрэг уян хатан бодлого төлөвлөлт хэрэгтэйг тусгажээ. Үүнээс гадна жендерийн тэгш байдлыг зохицуулах нэгж байгуулах, зорилтыг хянах бие даасан хяналтыг явуулах зэрэг төсвөөр дэмжсэн олон аргыг ашиглан цогц механизм бүрдүүлэх нь чухал гэдгийг дээрх суралтаар онцоллоо.