Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох асуудлыг Лондоны “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд өчигдөр 22.00 цагаас эхлэн хэлэлцээд цагийн дараа таржээ. Шүүх хурлаас ямар шийдвэр гарсныг Гадаад харилцааны сайд Б.Занданшатараас тодруулав.
-Тусгай үүрэг гүйцэтгэснийх нь төлөө монгол хүнийг харьд баривчилсан тохиолдол анх удаа гарлаа. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бол. Анхны мэдээлэл ирсэн биз дээ?
-Б.Хурцад холбогдох анхан шатны тав дахь удаагийн шүүх хурал Лондон хотноо энэ сарын 5-нд боллоо. Б.Хурцыг тусгай үүргийн олон улсын конвенцийн хүрээнд халдашгүй эрх ямба, дархан эрхийг эдлэх ёстой, тиймээс түүнийг суллах бүрэн үндэслэлтэйг өмгөөлөгч Алан Жонс нотлох баримтад үндэслэн шүүхэд танилцуулсан. Өмгөөлөгчийн тайлбар, үндэслэлийг хэлэлцэж, дараагийн шүүх хурлыг ирэх сарын 3-нд хийхээр боллоо.
-Ямар нэгэн тодорхой шийдвэр гаргаагүй гэж ойлгож болох уу. Энэ хугацаанд түүнийг цагдан хорьсон хэвээр байх уу?
-Дараагийн шүүх хурлаар асуудлыг шийдэх байх. Б.Хурцыг батлан даалтад гаргах асуудлыг энэ сарын 12-нд болох шүүх хурлаар хэлэлцэх шийдвэрийг шүүгч нь гаргасан юм билээ.
-Шүүх хуралд Монголын талыг төлөөлж оролцох ёстой Д.Цогтбаатар яагаад онгоцноосоо хоцорсон юм бэ. Шүүх хуралд оролцсон юм уу?
-Шүүх хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Алтангэрэл, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ц.Болор, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нараас гадна Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамыг төлөөлсөн өмгөөлөгч, тус яамны хуулийн зөвлөхүүд оролцсон.
Х.ОЮУНСҮРЭН