Сонгинохайрхан дүүрэгт 2018 онд анх “Өглөөний гудамж” байгуулж байсан удаатай. Иргэдийн талархлыг хүлээж байсан энэ ажлыг удахгүй нийслэлийн хэмжээнд үргэлжлүүлэх гэж байна. Улаанбаатар хот ийм гудамжнуудтай болсноор иргэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг боломжийг олгох юм.
Ингэснээр иргэд номын сан, сургалт дамжаа, төрийн үйлчилгээ авахаар заавал 09:00-10:00 цагийг хүлээх шаардлагагүй болно гэсэн үг. Цаашлаад иргэд өглөөний цагийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм.
“Өглөөний гудамж”-ийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бий болгохоор ажиллаж байна. Гаднын ихэнх хотод Morning street буюу “Өглөөний гудамж” байдаг. Энэ жишиг удахгүй Нийслэлд нэвтрэх талаар эх сурвалж мэдээллээ.