Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаан буудайнд олгох мөнгөн урамшууллын иж бүрэн материалыг орон нутгаас цахимаар болон эх материалаар нь хүлээн авчээ. Улмаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 1/38 тоот тушаалаар таван ажлын хэсэг байгуулж хоёр сарын турш ажиллан мөнгөн урамшууллын нэгтгэлийг гаргаж баталгаажуулсан байна. Уг нэгтгэл, бусад хууль, журмыг үндэслэн 2020 оны ургацаас стандартын шаардлага хангасан 254.3 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 13 аймгийн 767 иргэн, хуулийн этгээдэд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрээр гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн тонн тутамд 55.0-100.0 мянган төгрөг олгохоор болсон байна. Мөнгөн урамшууллын санхүүжилтийг энэ сарын 28-ны дотор багтаан аж ахуйн нэгж, иргэдийн дансанд шилжүүлэх ажил хэдийн эхэлжээ.