Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон бусад холбогдох хүмүүс дээрх хуралд оролцов. Тэд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлж, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий гурван талын хамтарсан ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийн даргаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, нарийн бичгийн даргаар ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргалыг томиллоо. Мөн гишүүнээр ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Сангийн яамны Төсвийн зарлагын хэлстийн дарга Д.Санжаадорж, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Г.Амгалан, зөвлөх Ж.Юндэндорж, МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, МБШУ-ны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл нар оролцож, гол судалгааг хийх нь. Тодруулбал, ажлын хэсгийнхэн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж, гуравдугаар сарын 5-ны дотор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд тайлагнана. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “МҮЭ-ийн холбооноос ирүүлээд байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн шийдвэрийн хүрээнд тавьсан хүсэлтийг судалж үзээд ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гарц гаргалгаа байгааг судаллаа. Нийгмийн түншлэлийн хүрээнд МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ хамтран зөвшилцөж ажлын хэсэг байгуулж холбогдох шийдвэрийг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ. Түншлэгч талууд маань байр сууриа нэгтгэж ажлын хэсэг байгуулж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэв. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн суудлыг 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулах шийдвэр гаргасан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн өмнө долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх үүргийг хүлээсэн. Үүн дотор тэтгэврийн даатгалын санг бүдрүүлэх нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. МҮЭ-ийн холбооноос улс орны эдийн засаг хүнд үед аливаа татвар шимтгэлийн нэмэгдүүлэх асуудлыг цаг үеэ олоогүй шийдвэр байна гэж үзээд ОУВС-нд дээрх долоон төрлийн татварын дөрвөн төрлийг нь тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг өгсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 онд нэмэгдүүлэх үед бид Засгийн газрын байр сууринд хүндэтгэлтэй хандсан. 2020 онд нөхцөл байдал цар тахлын улмаас хүндэрсэн учраас МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ-ноос НДШ-ийг нэмсэн асуудалд байр сууриа илэрхийлж хамтын үйл ажиллагаа явуулж төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг хойшлуулсан. Энэ онд нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ-ноос цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлэх боломжгүй гэдэг байр суурийг ХНЗ-ийн гурван талт Үндэсний хороонд уламжилж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, одоо хэрэгжиж байгаа хуулийг царцаах хүсэлтэй байна. Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны аймаг нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбооны 450 мянган гишүүдийн санал хүсэлт гэдгийг хэлмээр байна” гэв.