Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ.
Мэдэгдэлд, орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоот “Сэлэнгэ бизнес инкубатор” төвд илэрсэн зөрчил, дутагдлыг шалгаж, цаашид дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олгосон хөрөнгийн зарцуулалтын үр дүнг сайжруулах, хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэхэд анхаарч, тодорхой ажил зохион байгуулахыг зөвлөсөн байна.
Тус аймгийн “Бизнес инкубатор төв”-ийн дарга О нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас санхүүжүүлсэн төсвийн хөрөнгөөс есөн сая төгрөгийг бэлнээр авч зориулалт бусаар зарцуулсан, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээс зээлийн хүүгийн нөхөн төлбөр олгох тухай хуурамч тушаал гарган өөрийн хувийн хэрэгцээндээ зориулж “Хас” банкнаас авсан хоёр сая гаруй төгрөгийн зээлээ төлж төсвийн хөрөнгийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Уг хэргийг прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.
Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс “Бизнес инкубатор төв”-ийн холбогдох журамд өөрчлөлт оруулан, үйл ажиллагааны шинэ горимоор ажиллуулах болсноо АТГ-т мэдэгдсэн байна. Түүнчлэн О-гоор учруулсан хохирлыг төлж барагдуулжээ.
Г.Равжаа