Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг идэвхжүүлэх, зах зээлийн нэгдсэн дэд бүтцийг сайжруулах зорилгоор Төв аймгийн Аргалант сумын хоёр дугаар багийн нутаг дэвсгэрт Ложистикийн төвийг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК хөрөнгө оруулалт хийж барьж байгуулсан. Тус төвийн түшиглэн ноос, ноолуурын 600 метр квадрат агуулах, мах, хүнсний 200 метр квадрат хөргүүртэй агуулах, 210 метр квадрат талбайтай оффисын байр баригдаж буй. Эл газарт дуудлага худалдаа хийх танхим, лаборатори, албан контор байх юм. Ложистикийн төв нь Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэх, чанарыг тодорхойлох /лаборатори/, тээвэрлэх, хадгалах, даатгах болон биржээр арилжих цогц үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, Арилжаалсан бараа, түүхий эдийг итгэмжлэгдсэн агуулахад хадгалах, ложистикийн систем болон хяналтын системээр дамжуулан биет бүтээгдэхүүний арилжааг хөнгөвчлөх, дуудлага худалдааг тогтмол зохион байгуулах , дотоодын үйлдвэрүүдийг арилжаанд оруулах, тэднийг дэмжих зорилготой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу тендер зарлаж тендерт “Түшигт арга констракшн” ХХК шалгарч, тус барилгын ажлыг гүйцэтгэхээр болжээ. Одоогоор тус төвийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд энэ оны хоёр дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.