УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.” гэсний “...эцэслэн...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өчигдөр боллоо.
Хуралдаанаас тогтоол гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “... эцэслэн...” гэж заасан нь хүний шүүхэд хандах үндсэн эрхийг хязгаарласан байна хэмээн үзэж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,...шударга шүүхээр шүүлгэх, ...”,
Дөчин долдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Мөн Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн УИХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.