Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Жаргалсайханд холбогдох улсын нууц задруулсан, гадаадын тусгай албаныханд дамжуулсан гэх хэргийг өчигдөр хянан хэлэлцлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн нууцыг удаа дараа задруулж, гадаадын тагнуулын албанд шилжүүлж эх орноосоо урвасан гэсэн үндэслэлээр 17 жилийн хорих ял оноогоод байсан юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ц.Жаргалсайханыг төрийн нууц задруулсан гэмт хэрэг үйлдсэн нь эх орноосоо урвасан шинжгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар таван жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.