Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус комиссын Беларусийн хэсгийн дарга, Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчиктой цахим уулзалт хийлээ. Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд трактор, хөдөө, аж ахуйн техник, тоног төхөөрөмж, зам цэвэрлэгээний машин нийлүүлэх зэрэг таван төсөл хэрэгжүүлж буй. “Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 4,5 сая еврогийн техник, тоног төхөөрөмжийг Беларусь Улсаас Монгол Улсад нийлүүлэх бөгөөд 2021 оны хаврын тариалалт эхлэхээс өмнө техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах хүсэлтэй байгаагаа З.Мэндсайхан сайд илэрхийлэв. Мөн цахим уулзалтын үеэр “Монгол Улсад сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах” төсөл нь газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт хэрэгжихтэй холбогдуулан төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Беларусийн шинжээчдийн багийг ойрын хугацаанд Монгол Улсад ажиллуулахаар тохиролцов. Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдааныг Минск хотноо зохион байгуулах бөгөөд 2021 оны гуравдугаар улиралд зохион байгуулахаар урьдчилан байдлаар тохиролцлоо.