ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. Тодруулбал, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар, тус газрын хэмжил зүйн албаны дарга, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ш.Уртнасан, тус газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн нэгдсэн төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баасансүрэн болон Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа П.Мөнх-Эрдэнэ нарын албан тушаалтнуудад хурандаа цол олгосон юм. Мөн ХХЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээлэл дүн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа С.Баярсайхан, Олон нийттэй харилцах албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Д.Энхтайван, хилийн 0275 дугаар ангийн захирагч, дэд хурандаа О.Баттулга, хилийн 0277 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Уламжаргал нарт хурандаа цол олголоо. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг баяр хүргэж хэлсэн үгэндээ “Түүхт ойнуудын босгон дээр цол нэмсэн та бүхэндээ баяр хүргэе. Хурандаа гэдэг офицер бүрийн хүртээд байдаггүй цол. Цол дагаж бяр гэдэг. Би харин бяр гэдгээс илүү танд үүрэг, хариуцлага улам нэмэгддэгийг хэлмээр байна. Ажлаас хойш суух, аргацаах зүйл энэ эрхэм цолыг хүртсэн хүн бүрт хэзээ ч байж болохгүй. Үүрэг, хариуцлага бүрийн тэргүүн эгнээнд явж, цолныхоо эзэн нь болж гялалзаарай” гээд амжилт хүссэн юм.