Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулжээ. Гол нь тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Цар тахлын нөхцөл байдал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагтай холбоотой болон үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг энэхүү Түр хорооноос өгсөн чиглэлийн дагуу зөвхөн нэг сувгаар мэдээлэх аж. Улмаар уг бүтцэд төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлагийн дарга нар багтжээ. Гэхдээ дээрх шийдвэр, үйл ажиллагаа өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг илтэд зөрчсөний зэрэгцээ Үндсэн хуулиар иргэнд олгосон төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хясан боож буй. Өөрөөр хэлбэл, цар тахлын аюулаас сэргийлэх, иргэдийг худал, ташаа мэдээллээс хамгаалах хэмээх халхавчийн цаана төр засаг аливаа мэдээллээ иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх, зөвхөн Түр хороо гэгч төрийн бүтцийн тогтоосон үнэнийг тулган хүлээлгэх гэж байгаа нь үзэл суртал хийх, дарангуйлалд хүргэх, цаашид энэ нь жишиг болон давтагдан үргэлжлэх аюулыг авчирч буйг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл эсэргүүцэж байна. Улмаар МНСЭ-ээс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Үндсэн хуулиар хамгаалуулсан иргэний эрх, эрх чөлөөг дайн байлдаан, гамшиг, онц байдлын үед л хязгаарлахыг хуульчилсан атал нийтэд халдварлах өвчний жам ёсны үр дагавраар далимдуулан шинэ хууль, журам гаргах замаар улам бүр хязгаарлан хумисаар байгаад харамсаж байна. Ардчилсан нийгэмд төр зөвхөн өөрөө мэдээллийн эх сурвалж байх, түүгээр дамжих мэдээллээ нэг сувгаар хянах буюу үнэнийг гагцхүү төр тогтоох гэсэн энэхүү санаархлаа зогсоохгүй бол хүний эрх, эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авахаа мэдэгдэж байна” хэмээн дурджээ.