Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Францын Хэли-Юнион компаниас эхний ээлжинд “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглосон хоёр нисдэг тэргийг нийлүүлнэ. Нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн болсонтой холбогдуулан тус компаниас энэ сарын 22-нд өөрийн компанийн байранд ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. Арга хэмжээнд ОБЕГ-ыг төлөөлж Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-наас болон уг төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй Францын Эдийн засаг, санхүүгийн яам, Софема, ТHALES, Airbus компанийн төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр “Хэли-Юнион” компанийн тэргүүн Патрик Молис төслийн явцын талаар танилцуулж, төслийг бодит ажил хэрэг болгоход “Софема” групп чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглээд ОБЕГ-т хүлээлгэн өгөх хоёр нисдэг тэргийг үзүүлж танилцууллаа.