Хатуу хөл хорионы өдрүүдэд нэр бүхий шүүгч, хуульчид бөөгнөрөл үүсгэсэн (Нийтийн бэлэн байдлын зэрэглэлийн үед таваас дээш хүн цуглахыг бөөгнөрөл гэнэ), улмаар архидан согтуурсан, биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх асуудалд ороод буй. Цагдаагийн байгууллагаас ч тэдгээр АТГ-ын ажилтан, шүүгч, өмгөөлөгч нар уулзсан хэргийг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Улмаар хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэхээр Прокурорын байгууллагад санал гаргасан юм. Тэгвэл яг одоо “Нэхүүл” хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд цуглаж, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарыг огцруулахыг шаардан, жагсаж байна. Жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлэхээр 100 орчим иргэн иржээ. Улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж, дээрх нэр бүхий гурван шүүгчийг огцруулахыг шаардаж, албан бичиг хүргүүлсэн гэнэ. Үүнээс гадна өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн хороонд хандаж, дээрх шүүгч нарыг албан тушаалаас нь огцруулахаар шаардлага өгчээ.