Цар тахлын улмаас нийслэл даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорио тогтоосон үед залуус нийлж мансуурсан тохиолдол нэг бус гарлаа. Тухайлбал, Тасганы овооны уулзварт өнгөрсөн бямба гарагт “Хонда инсайт” загварын автомашинтай явсан гурван залууг ТЦА-ны цагдаа, зохицуулагч нар зогсоон шалгахад мансуурсан байж болзошгүй байсан гэнэ. Тиймээс Баянзүрх дүүрэгт оршин суух Ц.Э, Э.Э, Хан-Уул дүүргийн иргэн М.Н нарыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэнд мэдээлэл өгч шалгуулахад тээврийн хэрэгслээс нь мансууруулах төрлийн ургамал гарсныг эд мөрийн баримтаар хураан авчээ. Улмаар биохимийн шинжилгээ хийж, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэснийг нь тогтоосон байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XIII хорооны нутаг дахь амины орон сууцын хорооллын нэгэн байранд гурван залуу мансуурсан гэх мэдээллийн мөрөөр шалгахдаа Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийнхний сургасан нохойг ашиглан нуусан мансууруулах бодисыг илрүүлсэн гэнэ. Тус сургалтын төвийнхөн сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр үнэрч нохой бэлтгэж буй нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ. Өмнө нь хил, гаалийн байгууллагад ашигладаг албаны ноход улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан мансууруулах бодисыг илрүүлж байсан тохиолдол цөөнгүй.
Бэлтгэсэн: Г.Равжаа