Өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ-ын ажилтан, зарим шүүхийн шүүгчид, хуулийн байгууллагын нөлөө бүхий албан тушаалтнуудын ёс зүйгээ умартсан гэх бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлж, ёс зүйн хариуцлага нэхэж байсан. Цагдаагийнхан уг бичлэгтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 12.6.1-т заасан буюу Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, нэр бүхий хүмүүсийг шалгахаар прокурорт саналаа хүргүүлсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад “Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж үзээд, баримт дээр тулгуурлан Эрүүгийн хуулийн 12.6.1-т заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналаа нутаг дэвсгэрийн харьяаллаар Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцын дараа үйлдлийг эцэслэн тогтооно. Хэрэгт холбогдогчид мөнгө шилжүүлсэн байж болзошгүй. Асуудал тодорхой болоогүй байна. Хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй" гэсэн юм. Харин прокурорын байгууллага "Материалаа дөнгөж сая хүлээн авлаа. Ирүүлсэн материалтай танилцаж байж, хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх, эсэхээ шийднэ" гэв.