ХХААХҮЯ-наас мал хаваржилт хэвийн байгааг мэдээлэв. Гэхдээ өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт хаваржилт хүндрэх төлөв гарчээ. Тиймээс салбарын яам үүнд анхаарч холбогдох арга хэмжээг авч эхэлсэн гэнэ. Тухайлбал, эдгээр аймагт малын зүй бус хорогдол өндөр байгаад дүгнэлт хийж, цаашид малын зүй бус хорогдлыг багасгах талаар зөвлөмж боловсруулж байна. Энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10 277 малчин өрхийн 5.2 сая толгой мал отроор өвөлжөөд одоо хаваржиж байна. Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалт хийж, 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан байна. ХХААХҮ-ийн сайд “Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай албан даалгавар гаргаж аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр бэлтгэж байна. Албан даалгавын хүрээнд Засаг дарга нар мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах, 2021 оны төл хүлээн авалт, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, бэлчээр, нийтийн эзэмшлийн газар нутаг болон төв, орон нутгийн чанартай замын ойролцоо үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм зэргээс байгаль орчин бохирдон, мал, амьтны халдварт өвчин дамжин тархах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх аж.