Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын сан “ADB Ventures” болон “Кайт Монгол” ХХК хамтран ''Social Innovation Week 2021'' цахим үйл ажиллагааг энэ сарын 23-нд эхлүүлнэ. Хөгжлийг авчрах инновацийг дэмжих зорилготой эл цахим үйл ажиллагааг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар дэмжин ажиллаж буй. Тодорхой хэлбэл, нийслэл хотод тулгамдаж буй нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд инновац, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг гарааны компаниудыг дэмжин ажиллах, сурталчлах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дэмжиж буй гэсэн. Тус цахим үйл ажиллагаанд Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жайка, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл, бусад олон улсын болон Монголын экспертүүд оролцоно. Зохион байгуулагч “Кайт Монгол” ХХК нь нийгэмд ээлтэй гарааны бизнесийг хөгжүүлэн бойжуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтаар дэмжих чиг үүрэгтэй хурдасгагч хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага юм. Тус компани нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлуудад нөлөөлөх шийдлийг эрэлхийлж буй гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Tүүнчлэн “Social Pay”-тэй хамтран гарааны бизнес эрхлэгч залуучуудыг олонд сурталчлан таниулах, ажилгүйдэл, ядуурлыг арилгах гол хүчин зүйлүүдийн нэг нь өөрсдийн хүч хөдөлмөр, санал санаачилга болохыг таниулж, улмаар нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, бусдад үлгэр дууриалал болон ажиллаж буй залуучуудаа дэмжиж “Монгол Залуус” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж эхэлжээ.
“Social Innovation Week 2021” цахим үйл ажиллагаа дөрвөн өдрийн турш үргэлжлэх бөгөөд Монголд анх удаа инновацыг дэмжигч, хувийн хэвшлийн компаниуд болох “Голомт Банк”, “АПУ” ХХК, “Жи Си Ар Монголиа”, “Премиум групп”, “Грийн Групп”, “UPS Lab Монголиа”, “Д.Э.М” ББСБ зэрэг газрууд нэгдэн “Кайт нийгмийн инновацын сан”-г дэмжин ажиллаж байна.