Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин М-ынд багтай дээрэмчид халдаж 500 мянган төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар, мөнгөн аягыг нь дээрэмдэн зугтжээ. Хохирогч нар гэмт хэргийн талаарх мэдээллийг сумын цагдаагийн хэлтэст 02.00 цагт мэдээлснээр шуурхай Ажлын хэсэг гарч эрэн сурвалжилж Улаанбаатар хотоос баривчилсан байна.
Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 20 настай Г, Төв аймгийн харьяат Э нар үйлджээ. Энэ талаар тус сумын Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Гэрийн эзэн шинэ жилийн баяр тэмдэглэхээр явж, эхнэр нь хамаатныхаа хүнтэй үлдсэн байсан юм билээ.
Манай Ажлын хэсэг тэднийг Улаанбаатараас саатуулан өдгөө мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж байна” гэв. Өөр нэгэн эх сурвалж “Сэжигтнүүдийн нэг нь хохирогчийн дүү нь юм билээ. Тэд дээрэмдсэн мөнгөн аягаа худалдсан байсан. Мөнгийг нь үрээд дуусгажээ. Эмээл, хазаарыг нь эд мөрийн баримт болгон нэгийнх нь гэрээс хураан авсан” гэлээ.