УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай байлгах зорилгоор тогтоол гаргажээ. Улмаар дараах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Засгийн газарт чиглэл болгов. Тухайлбал, хатуу хөл хорионы улмаас орлого нь тасалдсан болон бичиг баримтын зөрчилтэйгээсээ үүдэн эмнэлгийн тусламж, халамжийн үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд хүнс, ус, түлээ, ариутгалын хэрэгсэл олгохыг даалгалаа. Мөн тогтоолын дагуу хорих анги, баривчлах, цагдан хорих, албадан саатуулах газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хөгшдийн асрамжийн газарт халдвар гарсан тохиолдолд бэлэн байдлаа хангасан, эсэхийг шалгах аж. Хамгийн гол нь коронавирусээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй албан хаагч, ажилтан бүр хүний эрхийг дээдэлж ажиллахыг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос анхааруулжээ. Үүнээс гадна гадаад ажиллаж, амьдарч буй иргэд ажилгүй орлогогүй болсон бол хүнс, орон байраар хангахыг тогтоолд тусгасан байна. Мөн визийн хугацаа хэтэрсэн иргэд байгаа бол төлбөр торгуулиас чөлөөлөх асуудлыг суугаа газрынх эрх бүхий байгууллагад хүсэлт тавин шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайдад даалгав.