Хилийн зарим боомт дээр саатсан өвс тэжээлүүдийг нэвтрүүлэхээр болсон. Тодорхой хэлбэл, орон нутагт мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн Цагааннуур болон Боршоо, Эрээнцав боомтоор өвс, тэжээл импортлохоор боллоо. Цар тахлын улмаас Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард тогтоол гаргаж, Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо хилийн боомтоор нэвтрэх авто тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон. Улмаар тогтоолын хүрээнд Цагааннуур хилийн боомтоор зөвхөн шатахуун тээвэрлэх авто тээврийн хэрэгслийг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт хуваарийн зохицуулалтаар нэвтрүүлж байсан. Баян-Өлгий, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан мэдээгээр хил нэвтрэх авто тээврийн хөдөлгөөнийг зогсоосноор Цагааннуур боомтын нөгөө талд ОХУ-ын нутагт 600 гаруй тонн малын тэжээл саатсан байна. Харин Боршоо боомтын нөгөө талд 1500 тонн малын тэжээл саатжээ. Дээрх боомтуудаар нэмж, малын тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр Баян-Өлгий, Увс, Дорнод аймаг болон баруун зүүн бүсийнхэн өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулах нөхцөл бүрдэх юм. Нөгөө талаар хөл хорионы нөхцөлд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, орон нутагт эдийн засгийг идэвхжүүлэх аж.