АТГ-ынхан өнгөрсөн онд хэд хэдэн аймгийн ИТХ-ын болон Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлж байсан. Тухайлбал, Архангайн Засаг дарга асан Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр нар эрх мэдлээ урвуулан хуурамч тушаал гаргаж, Шоронгийн ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл олгосон хэргийг шүүх дахин шалгуулахаар буцаагаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл Баянхонгор аймгийг 2016- 2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй хүмүүсийг мөрдөн шалгаж дуусаад гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Баянхонгорын ИТХ-ын дарга асан Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлыг шалгаад, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсныг нь хангалттай тогтоогдсон гэж үзсэн байна. Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтан ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар “Түйн гол” ХХК-д олгосон, 20 га газрыг “Хаш гоёо” гэх компанид хууль зөрчин найман сая төгрөгөөр өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд эрх мэдлээ урвуулж ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон хэмээн буруутгасан юм.
Тэгвэл НПГ-аас Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан, өдгөө төлөөлөгчөөр дахин сонгогдсон Ц.Отгонбаяр, Засаг дарга асан Г.Батжаргал, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Ихбаяр, алтны уурхайн эзэн С.Мөнхболд, Д.Сайнбилэг, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан”, 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан”, 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Дээрх шүүхийн шүүгч хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагад буцаахаар шийдвэрлэсэн гэнэ. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээр болжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа