МАН, МАХН хоёр нэгдэх тухай яриа албан бус, одоогоор хэлэлцсэн тодорхой зүйлгүй болохыг талуудын төлөөлөл хэлж байгаа ч энэ нь ийм зүйл болохгүй гэсэн үг биш. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намыг нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулж болно. Хоёр буюу түүнээс дээш намын үйл ажиллагааг зогсоож нийлүүлэх, нэг намын үйл ажиллагааг зогсоож, өөр намтай нэгтгэх тухай ойлголтыг уг хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, МАН, МАХН хоёр нэгдэх биш, МАХН-ын үйл ажиллагааг зогсоож, МАН-д нэгтгэнэ гэвэл илүү зөв уншигдах биз. Тэгээд ч Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, аль ч шатны сонгуульд нэр дэвшигчийнх нь нэр хамгийн дээр бичигддэг МАН-д МАХН нэгдэх нь гарцаагүй. Энэ яриа бодит биеллээ олбол МАХН-ын эрх, үүрэг, хариуцлага, гишүүдийнх нь харьяалал, эд хөрөнгө МАН-д шилжинэ гэсэн үг. Жишээ нь, УИХ-д суудал бүхий улс төрийн намын хувьд МАХН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхээсээ татгалзах хэрэг.
…Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдрийг зургадугаар сарын 9-нд товлосон. Нэр дэвшүүлэх ажиллагааг үүнээс 40 хоногийн өмнө эхлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын сүүлийн өдрүүдэд намууд нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд МАН, МАХН-ын нэгдэх, эвсэх, эсэх нь энэ үед нэг тийшээ шийдэгдсэн байх учиртай. Үндсэндээ тэдэнд хоёр сарын хугацаа байгаа гэж хэлж болно. Үүнээс хойш, сонгуулийн дараа энэ яриаг ажил хэрэг болгох үйл явц газар авахгүй ч байх талтай…
Тэдний нэгдлийг МАН, МАХН-ын аль аль нь их хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх ёстой. МАН үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 1-2-нд ээлжит XXX их хурлаа хийхээр товлоод буй. МАХН одоогоор их чуулганаа товлосон зүйл алга. Тиймээс МАН 100 жилийн ой, айсуй их хурлаасаа өмнө МАХН-ыг өөртөө нэгтгэх талаар тодорхой шийдвэр гаргах нь юу л бол. Магадгүй 10 хоногийн дараах их хурлаараа ажлын хэсэг байгуулж, эл асуудлын талаар албан ёсоор ярилцаж эхлэхийг үгүйсгэхгүй. Нэг талаас Ерөнхийлөгчийн сонгууль, нөгөө талаас 100 жилийн ой нь МАН-ын хувьд алгуурлаж үл болох шалтгаан юм. Аль ч шатны, тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн МАН-ын нэр дэвшигчийн саналаас АН гэхээс илүүтэй МАХН-аас сойсон хүн хумсалж, хуваах нь бий. Таван жилийн өмнө УИХ-ын сонгуульд МАН, МАХН эвсэж оролцохтой холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийнхний маргаангүйгээр санал нэгдсэн асуудал нь ч энэ. Тэд нэгдүгээрт, хоёр нам сонгуульд тус тусдаа оролцвол саналаа хуваагаад 2012 оны сонгуулийн үр дүн хэвээрээ гарна гэдгийг санал нэгтэй мэдэгдэж байсан юм. Улмаар нийгэм, олон нийтийн хүлээлтийг хангаж, цаашдаа МАН, МАХН нэгдэх боломж бүрдэнэ хэмээн онцолж байлаа. Үнэхээр ч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ саналаа өгсөн нийт сонгогчийн 41.97, МАХН-аас өрсөлдсөн Н.Удвал 6.5, АН-ын Ц.Элбэгдорж 50.23 хувийн дэмжлэг авсан байдаг. Мөн 2017 оны сонгуулиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 38.11, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 30.32, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 30.19 хувийн санал авч, хэн нь ч олонхын дэмжлэг хүлээгээгүй тул хоёр үе шаттай явуулсан билээ. Тэгээд ч АН-ын нэр дэвшигч ялж, Төрийн тэргүүний суудлыг гурван удаагийн сонгуулиар алдсан Ардын намынхан энэ удаа ямар ч үнээр хамаагүй олонхын дэмжлэг хүлээхийг хүсэж буй нь лав. 100 жилийн ойгоороо ялагдлын буухиаг үргэлжлүүлж, Ерөнхийлөгчийн суудлыг өөр нам, хүчинд алдах вий гэхээс илүү Ардын намынхныг айлгах зүйл одоохондоо алга.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдрийг зургадугаар сарын 9-нд товлосон. Нэр дэвшүүлэх ажиллагааг үүнээс 40 хоногийн өмнө эхлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын сүүлийн өдрүүдэд намууд нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд МАН, МАХН-ын нэгдэх, эвсэх, эсэх нь энэ үед нэг тийшээ шийдэгдсэн байх учиртай. Үндсэндээ тэдэнд хоёр сарын хугацаа байгаа гэж хэлж болно. Үүнээс хойш, сонгуулийн дараа энэ яриаг ажил хэрэг болгох үйл явц газар авахгүй ч байх талтай.
Учир нь өдгөөгөөс яг таван жилийн өмнө гуравдугаар сарын 1 буюу Эх орончдын өдөр, эхлэл, угшил нэгтэй энэ хоёр намын түүхт ойг хамт тэмдэглэх хүсэлтийг МАН-д МАХН-аас тавьж байв. Улмаар МАН, МАХН хамтран Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэхээр болсноо Төрийн ордонд албан ёсоор зарлаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байлаа. Ингээд хоёр намын удирдлага хамтдаа 2016 оны гуравдугаар сарын 1-нд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулсан түүхтэй. 90 жилийн ойгоороо буюу 2011 онд МАН, МАХН болж салснаас хойш эргэж нийлж, эвсэх тухай яриа хөөрөөг аль аль талаас нь ахмадууд голдуу гаргаж байсан ч тухайн үеийн удирдлагууд нь “Судалж үзэх ёстой” гэсэн хариу өгөхөөс хэтрээгүй гэдэг. Үнэндээ 95 жилийн ойгоороо ийн хамтдаа цэцэг өргөж, улмаар УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд эвсэж оролцох, эсэх талаар судалж, санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан нь энэ хоёр намын нэгдэл тойрсон яриа хэлэлцээний оргил нь байсан юм. Тус ажлын хэсгийг МАН-аас Ч.Хүрэлбаатар (Сангийн сайд асан), МАХН-аас Ч.Улаан (өдгөө МАН-ын гишүүн) нар ахалж ажилласан. Тухайн үед сонгуулийг холимог хувилбараар явуулахаар байсан бөгөөд ажлын хэсгийн түвшинд тойрог болон жагсаалтад аль намаас хэд хэдэн хүн сойх талаар ойлголцож, санал нэгдээд байв. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт, тодруулбал, холимог тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлтийг Цэц гаргаж, түүнийг нь УИХ хүлээн авснаар мажоритар хувилбарыг сонгосон юм. МАН, МАХН ч эвсээгүй, нэгдэх тухай яриа тэгсхийгээд намдаж, өдгөө дахин гарч ирж буй нь энэ. Ажлын хэсгийн түвшинд нэгдсэн саналаа сонгуулийн өмнө амилуулж, ажил хэрэг болгож чадаагүй учраас цааш нь энэ сэдвийг барьж авах сонирхол хэн хэнд нь буурсан биз. Гэхдээ эвслийг удирдаж орох тухайд аль аль намын удирдлага нь ажлын хэсгийн саналыг хүлээж аваагүйгээс энэ ажил замхарсан гэх нь бий. Тодруулбал, эвслийн Удирдах зөвлөлийг 50:50-ийн харьцаатай бүрдүүлж, эвслийг МАН, Удирдах зөвлөлийг МАХН-аас тэргүүлэх саналыг нь дарга нар нь хүлээж аваагүйгээс болж энэ ажил гацсан гэдэг.
Таван жилийн өмнө эвсэж, нэгдэх тухай ярьж байх үеийнхээс одоо нөхцөл байдал МАН, МАХН-ын хувьд тэнгэр, газар шиг ялгаатай болсон. Хоёр сонгууль дараалан бүх шатанд үнэмлэхүй ялалт байгуулан, дангаар шахам засаглаж байгаа МАН-аас МАХН-д тавих болзол, шаардлага өөр болсон нь гарцаагүй. 2016 оны сонгуульд эвсэж орох тухай ярилцаж байх үед УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн бодит дүнд үндэслэж хуваарилна гэх мэтээр тохиролцож байснаас өөр дүр зураг өдгөө хүлээж буй. Н.Энхбаяр хийгээд МАХН-ын хүсэх хязгаар багассан байж болох ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараалсан ялагдлын буухиаг таслахыг хүсэж буй МАН-ын удирдлага түүний үгийг сонсож л таарна. Харин ингэхдээ бүр нэгдэх үү, түр эвсэх үү гэдэг нь анхаарал татаж байна. Тиймээс ч энэ хоёр нам нэгдсэн ч, энэ удаагийн сонгуулиар эвссэн ч түүний хүү түлхүүр нь байх болно гэж эх сурвалжууд таамаглах болов. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН нэр дэвшигч илгээхгүй, харин УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАХН-ын нэр дэвшигч, Н.Энхбаярын хүү Э.Батшугар МАН-аас өрсөлдөх болно хэмээн таамаглаж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгатай тун ойр явсан МАХН-ын дарга Н.Энхбаярын дараа дараачийн нүүдэл юу болох нь ирэх өдрүүдэд илүү тод харагдах биз ээ.