Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй сайн дурын даатгуулагч эх төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн бол үлдсэн мөнгийг өмнө нь даатгуулж байсан эсэхээс хамаарч тэтгэмжийн даатгалын сангаас эсвэл улсын төсвөөс хариуцан төлөхөөр болсон. Гэхдээ сайн дурын даатгалын цахим систем ашиглан дээрх нөхцөлөөр шинээр гэрээ байгуулах боломжгүй байгааг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, дээрх шинэ зохицуулалт, журмыг хэрэгжүүлэхийн тулд цахим үйлчилгээндээ шинэчлэл хийх шаардлагатай байгаа аж. Тиймээс даатгуулагч ээжүүд харьяа Нийгмийн даатгалын хэлтэстэйгээ холбоо барьж, гэрээ байгуулах шаардлагатай аж. Даатгуулагч эх сайн дурын даатгалын гэрээг нэг удаа байгуулах бөгөөд жил бүр сунгуулах шаардлагагүй.