“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн хэвлэлийн эрх чөлөө” судалгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард явуулжээ. Хэвлэл мэдээллийн бүх төрлийн хэрэгслийн алба, хэлтсийн дарга, редактор, тоймч, сэтгүүлч, зураглаач, эх бэлтгэгч зэрэг 300 хүнийг хамруулсан уг судалгааг цахимаар хийсэн аж. Тэдний олонх нь хэвлэл мэдээллийн салбарт 6-15 жил ажилласан гэнэ. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох зорилготой эл судалгаанд оролцогчдын 53 хувь нь “Эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангахад саад бэрхшээл хааяа учирч байна” гэж хариулсан аж. Өөрөөр хэлбэл, эх сурвалжийн дутагдалд орсон, албаны мэргэжилтнүүд зөрүүтэй, уялдаа холбоогүй мэдээлэл өгсөн, төрийн албаныхан төдийлөн ажиллахгүй, бүх мэдээлэл хаалттай зэрэг хүндрэл бэрхшээл гарсныг онцолжээ. Мөн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш хэвлэлийн эрх чөлөө хумигдсан хэмээн судалгаанд оролцогчдын 59 хувь үзсэн байна. Тиймээс холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүд дээр ажиллаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх эрх чөлөөг зохицуулах харилцаанд дүгнэлт хийж, тохиромжтой гарц гаргалгаа олохыг дээрх зөвлөлийн зүгээс санал болгожээ. Түүнчлэн сэтгүүлчид аюулгүй байдлаа хамгаалах, онцгой нөхцөлд хэрхэн ажиллах тодорхой заавартай болох, хууль, технологийн талын мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай гэж судалгааны багийнхан дүгнэв