МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Сономдагва “Агаарын бохирдол өмнөх жилүүдийнхээс буурсан ч бохирдуулагч бодисын хэмжээ оргил цагуудад хүлцэх хэмжээг давсаар байна. Энэ нь төр, засаг цаашид илүү олон чиглэлээр ажиллаж, утаатай тэмцэх шаардлагатайг сануулсан дохио” хэмээсэн бол Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдулам “Нийслэлийн хүн амын нас баралтын 9.3 хувь нь агаарын бохирдлын шалтгаантай буй нь утааны эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, бусад эх үүсвэртэй тэмцэх шалтгаан болж байна” гэсэн юм.
Төрийн бус байгууллагын төлөөллүүд ч “Нийтээрээ 300 орчим тэрбум төгрөг зарцуулаад, утаатай тэмцэж байхад уурын зуухтай аж ахуйн нэгжүүдийг нүүрс түлүүлж, даврааж болохгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.
Агаарын бохирдлыг нэгмөсөн “буулгаж авах”-ын тулд урт хугацааны, тууштай бодлого чухал гэсэн байр суурийг эрдэмтэн, судлаачид энэ мэтчилэн илэрхийлсээр байна. Тэд агаар мандалд хорт бодис нийлүүлдэг бүх эх үүсвэртэй тэмцэх нь үр дүнтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, гэр хорооллынхон тэр аяараа түүхий нүүрс хэрэглэхээ болилоо ч тоос, тоосонцор, хорт бодисын бусад эх үүсвэр болох цахилгаан станц, тээврийн хэрэгсэл, нам даралтат зуухтай томоохон аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн асуудлыг цэгцлээгүй цагт агаарт хорт нэгдлүүд эргэлдсээр байна гэсэн үг. Энэ тохиолдолд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол ч утааг 80 хүртэлх хувиар бууруулах гол зорилтдоо хүрч чадахгүй, замхрах эрсдэлтэй. Мэргэжлийн байгууллагынхан “Шахмал түлшний чанар, нөөц, хүртээмж өмнөх жилийнхээс эрс сайжирсан. Үйлдвэр байгуулахаас эхлээд олон ажил хийсэн” хэмээн сайрхсаар буй ч энэ өвлийн утаа тэдэнд өөр төлөвлөгөө шаардлагатайг хангалттай сануулав. Сар шинийн өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласны үр дүнд нийслэлийн агаарын чанар илт сайжирч, ойрын хоёр жилд тохиогоогүй эерэг үзүүлэлтүүд гарсан нь бас л нэгийг хэлэв. Хүйтний улирал эхэлснээс хойш (энэ өвөл) стандартыг байнга давж байсан азот болон хүхрийн давхар исэл зэрэг бодисын хэмжээ ойрын өдрүүдэд огцом “унав”.
Агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагынхан ч зөвхөн сайжруулсан түлштэй “зууралдах” нь үр дүнгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, бодитой ажлуудыг эхлүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас жил бүр хийдэг агаар бохирдуулагч бодисын бүртгэл, тооллогыг БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран илүү өргөн хүрээнд зохион байгуулж, үүний үр дүнд үндэслэн арга хэмжээ авахаар төлөвлөсөн аж. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан бүртгэл, судалгааг цахимаар хийсэн бөгөөд Орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн санг ашиглалтад оруулжээ.
Одоогийн байдлаар нам даралттай зуухны тооллого, бүртгэлийг дуусгажээ. Ердийн галлагаатай, 3-15 кВт хүртэлх хүчин чадалтай зуух 184 мянга бүртгэгдсэн гэнэ. Харин усан халаалттай, 15-100 кВт хүчин чадалтай зуух 2034, 100-4200 кВт-ынх 311, 4200 кВт-аас дээш үзүүлэлттэй нь 24 бий аж. Ийм нэг зуух гэхэд хүчин чадлаасаа хамаараад 1000-10 000 айлын яндантай дүйх хэмжээний утаа ялгаруулдаг учир үүсгэх бохирдол нь тэр хэрээр үлэмж их. Тиймээс бусад эх үүсвэрээс түрүүнд “барьж авчээ”. Агаарын бохирдлын асуудалтай нүүр тулсан томоохон аймаг болон нийслэл дэх нам даралтын зуухны тоог цөөлж, нэгдсэн халаалтын шугамд холбох, эсвэл шахмал түлш хэрэглэдэг болгосноор утаа 20-30 хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолсон гэнэ.
Улаанбаатарт өдгөө ийм зуухтай хэчнээн аж ахуйн нэгж түүхий нүүрс түлж байгааг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмонгоос тодруулахад “Ийм зуух ашигладаг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн дийлэнх нь цахилгаан болон хийн халаагуур ашиглах, төвлөрсөн дулаанд холбогдох замаар түүхий нүүрс хэрэглэхээс татгалзсан. Үлдсэн 400 гаруй аж ахуйн нэгжийн тэн хагас нь энэ жилээс сайжруулсан түлш хэрэглэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Тавантолгой түлш” компанитай гурвалсан гэрээ байгуулсан. Байгууллагуудын зуухны шүүлтүүрийн хэвийн ажиллагаа, нүүрсний зарцуулалт, хэрэглээнд хатуу хяналт тавьж байгаа. Цаашид энэ чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч, бүх зуухыг экологид ээлтэй шийдэлтэй болгохоор зорьж байна” хэмээсэн юм.
Энэ өвөл хэдэнтээ болсон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр хөндөгдсөн гол сэдэв нь нийслэл дэх нам даралтын зуух байжээ. “Засгийн газрын тогтоолыг хэсэгчлэн хэрэгжүүлэх нь шахмал түлшний ач холбогдлыг сулруулж, олон нийтэд ташаа ойлголт төрүүлж, шүүмжлэл дагуулж байна. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн бүтээгдэхүүний талаарх эргэлзээг таслан зогсоож, өнгөрсөн жилийнхээ үр дүнг замхруулахгүйн тулд түүхий нүүрсээр галладаг зуухнуудыг бүгдийг нь халах хэрэгтэй” гэсэн байр суурийг гишүүдийн зүгээс дэвшүүлжээ. Төрийн бус байгууллагын төлөөллүүд ч “Нийтээрээ 300 орчим тэрбум төгрөг зарцуулаад, утаатай тэмцэж байхад уурын зуухтай аж ахуйн нэгжүүдийг нүүрс түлүүлж, даврааж болохгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Энэ бүгд одоо өрнөж буй бүртгэл, тооллогын ажлыг эрчимжүүлэх, өргөн хүрээнд зохион байгуулахад ямар нэг хэмжээгээр түлхээс болсон нь дамжиггүй.
Нийслэлийг агаарыг бохирдуулдаг таван гол эх үүсвэр бий гэж үздэг. Үүнд, гэр хорооллын өрхүүд, уурын зуух, цахилгаан станц, тээврийн хэрэгсэл, хогийн цэг багтдаг. Хамгийн гол эх үүсвэр болох гэр хорооллынхны эсрэг авсан арга хэмжээ нь Засгийн газрын 62 дугаар тогтоол байв. Хорт бодис нийлүүлэлтээрээ үүний дараа орох нь автомашин. Нийслэлд буй хагас сая орчим тээврийн хэрэгслийн утаа хаягчийг нэгбүрчлэн сольж, шинэчилж, эсвэл эко горимд шилжүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй учир энэ төрлийн эх үүсвэртэй тэмцэх ажлыг урт хугацаандаа хийхээр төлөвлөснийг мэргэжилтнүүд онцлов. Тэгэхээр одоогийн нөхцөлд хэрэгжүүлэхэд хамгийн боломжтой хувилбар нь уурын зуух, хогийн цэг гэж тэд үзэн, эндээс ажлаа эхлүүлээд байгаа нь энэ юм. Түүхий нүүрсээр ажилладаг, нам даралтын зуухнуудыг шийдсэний дараа их хэмжээний метан хий, тоосонцор “үйлдвэрлэдэг” хатуу хог хаягдлын ил, задгай 24 цэгийг цэгцлэх ажил эзнээ хүлээж байна.
Улаанбаатар 19 дүгээрт эрэмбэлэгдэв
НҮБ-ын Хабитат, Грийнпийс, Байгаль орчны хөтөлбөрийн технологийн түншлэлийн хүрээнд байгуулсан “AirVisual” аппликэйшн цаг, минут тутамд дэлхийн хотуудын агаарын чанарыг үнэлж, дүн тавьдаг. Ойрын өдрүүдэд манай улсын нийслэлийг муугаар цоллоогүй тус систем өчигдөр Улаанбаатарыг 19 дүгээрт эрэмбэлэв. 15.00 цагийн байдлаар Энэтхэгийн Колката, Дели, Пакистаны Лахоре, Бангладешийн Дака, Косовогийн Приштина хот агаар дахь хорт бодисын хэмжээгээр тэргүүлсэн бол манайх Тайланд, Афрганистаны нийслэлтэй дөрөө харшуулан, эхний 20-д жагсав. Тус системийн мэдээллийн хэсэг дэх “Агаарын бохирдлын бодит нөлөө” нийтлэлд агаарын бохирдлын нөлөөгөөр өнгөрсөн онд хамгийн олон иргэнээ алдсан таван хотыг жагсаасан байна. Делид 57, Токиод 53, Шанхайд 49, Мексикт 20, Сан-Паулод 16 мянган хүн нас барсан аж. “Ганцхан жилийн дотор таван хотод 195 000 хүн нас барсан нь агаарын бохирдлын аюул заналхийлэл хүн төрөлхтнийг цаг ямагт сүүдэр шиг дагасаар байгааг санууллаа” хэмээн тус мэдээлэлд дурджээ.
“130 мянган тонн угаасан нүүрсний нөөцтэй”
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар болон “Тавантолгой түлш”-ийн төлөөлөл бүхий мэргэжилтнүүд шахмал түлшний хүртээмж, нөөцийг хянах зорилгоор Төв аймагт ажиллажээ. Одоогоор тус аймаг дахь дундын бүсэд 130 мянган тонн угаасан нүүрсний нөөц бий гэнэ. Хэдий цаг агаар уярч, өвлийн сар шувтрахад ойрхон байгаа ч нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж, түлшний хангамжийг сайжруулах чиглэлийг хариуцсан албаныханд энэ үеэр өгчээ. “Энэ сарын 23-наас эхлэн Өмнөговь-Улаанбаатар чиглэлд нүүрс тээвэрлэлтийг хуваарийн дагуу хэвийн явуулна. Ингэснээр манай компани иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж, дулааны улиралд ч тасралтгүй ажиллан, түлш хадгалах зориулалттай саравч, агуулахуудад хангалттай хэмжээний нөөц бүрдүүлж чадна” гэж “Тавантолгой түлш”-ийнхэн онцлов.