Энэ сарын 15-ны өдөр улсын хилээр коронавирусийн эсрэг вакцин оруулж ирсэн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Албан бус уг мэдээлэл иргэдийг ихээхэн төөрөлдүүлэв. 30 хайрцаг, 9800 ширхэг “Спутник-5” вакцин оруулж ирсэн нь бодитой, эсэх талаар Тагнуулын ерөнхий газраас тодруулахад “Улсын хилээр ямар нэг вакцин оруулж ирээгүй” хэмээн хариуллаа. Харин Гадаад харилцааны яамнаас “Ерөнхий сайд вакцин оруулж ирэх ажлыг түргэвчлэх үүрэг өгсөн. Мөн вакцин оруулж ирсэн тохиолдолд нэг цонхоор буюу Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаар дамжуулан мэдээлэл өгнө” хэмээсэн. Хил хамгаалах ерөнхий газрынхан дээрх уг асуултад "Алтанбулаг боомтоор энэ сарын 2, 4, 8-нд коронавирусийн эсрэг вакцин бус эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирсэн" гэх хариулт өглөө. Үүний нэгэн адил Гаалийн ерөнхий газар, болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан коронавирусийн эсрэг вакцин оруулж ирсэн гэх мэдээллийг үгүйсгэсэн юм. Үүнээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНСУ-ын SKBio, БНЭУ-ын Serum Institute of India компанид үйлдвэрлэсэн AstraZeneca болон Ковакс хөтөлбөрийн хүрээнд Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон. Одоогоор хойд хөршид үйлдвэрлэсэн “Спутник-V” вакциныг Монголд хэрэглэх эм, тарианы жагсаалтад оруулаагүй гэнэ. Тиймээс Эрүүгийн цагдаагийн албанаас цар тахлын хүнд хэцүү үед худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлсэн иргэнийг илрүүлж, Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хуулийн хариуцлага тооцохоор шалгаж эхэлжээ.