Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч МАН-ын бүлгийн дарга Д.Бауржан өнгөрсөн сарын 27-нд бусад руу буудаж танхайрчээ гэх мэдээлэл ирсэн юм. Тэрбээр аймгийнхаа Шуудан үйлчилгээний газрын даргын алба хашдаг нэгэн аж. Аймгийн төвд гарсан энэ буун дууг албан тушаалаас болж маргалдсанаас үүдсэн гэж тайлбарлах хүмүүс байгаа юм.
Өөр нэг хэсэг нь аймгийн АН болон МАН-ынхан талцаж муудалцан улмаар Д.Бауржан агаарт хий буудсан гэж мэдээллээ. Энэ талаар аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Т.Бакытаас тодруулахад “Би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Манай аймгийн прокурор Жанибекээс асуусан нь дээр” гэлээ.
Баян-Өлгий аймгийн прокурор Х.Жанибекийн утсанд холбогдоход ямар нэгэн тайлбар хэлэлгүй таслав. Тус аймгийн хууль хяналтын байгууллагын өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Бауржан нь аймгийн ИТХ-ын болон Засаг даргын ивээлд байдаг гэх юм.
Тэрбээр өнгөрсөн сарын 27-ны үдэш базындаа очтол хаалгаа тайлж өгөхгүй байжээ. Үүнд нь уурссан тэрбээр “Вепрь” маркийн буугаар агаарт 2-3 удаа буудсан бололтой юм. Улмаар базынхаа хаалгыг хутгаар хөшиж орохыг завдаж байхад нь цагдаагийнхан саатуулсан байсан.
Г.ОРЧЛОН