Нийслэлийн Байгаль орчны болон Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туул гол руу бохир цутгаж байсныг өнөөдөр таслан зогсоолоо. Шалгалтаар "ДЦС-III" ТӨХК нь үнс зайлуулсан усаа Туул голын далан давуулан цутгаж байсныг тогтоожээ. Улмаар орчны малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч, Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид уг дээжүүдийг өгчээ. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авах аж. Үүссэн учир шалтгааныг "ДЦС-III" ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад “Зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн, үнсэн сангаас саарал ус тунгаан хуримтлуулж станц руу шахаж дахин ашигладаг. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсэж, үнсэн сангийн далан сэтэрсэн. Улмаар үнс зайлуулсан усыг өнгөрсөн өдрүүдэд гол руу асгасан” хэмээжээ. "ДЦС-III" ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байхыг анхааруулжээ.