Шинэ он гарахын өмнөх өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт буун дуу гарч, хүний амь үрэгджээ. Тус дүүргийн XII хорооны нутаг, Жанжны гудамжинд буудуулж нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийнханд иржээ. Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэс, УМБГ, ЭЦГ-ын ажилтнууд хамтран хэргийн газарт үзлэг хийхэд “Ниссан” маркийн суудлын автомашинд 40 орчим насны эрэгтэй амиа алдсан байсан аж.
Энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн болон прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Талийгаачийг О гэдэг, 38 настай хүн байсан. Хэрэг гарахын өмнөх орой гэрээсээ гараад сураггүй болсон юм билээ. Цогцост задлан шинжилгээ хийж “Тоз-8” маркийн буугаар буудуулж амиа алдсан гэдгийг тогтоолоо. Гэмт этгээд түүнийг дээрэмдэх гэсэн байж болзошгүй.
Хэргийг хэн, ямар зорилгоор үйлдэв гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэлээ. Өөр нэгэн эх сурвалж “Гэмт этгээд машины арын суудалд сууж байгаад буудсан юм шиг байна лээ. Үзлэгээр дагз руу нь буудсан гэдэг нь тогтоогдсон. Гэмт хэрэгтэн талийгаачийн дүүтэй өс хонзонтой байж болзошгүй учраас энэ хэргийг үйлдсэн байх гэсэн таамаглал дэвшүүлэн ажиллаж байна” гэв.
Талийгаач өнгөрсөн сарын 29-ний 20.00 цагийн үед дүүгийнхээ машиныг гуйж “Ойрхон хүнтэй уулзчихаад ирье” гээд унаад явсан аж. Гэвч тэр шөнөдөө ирээгүй гэнэ. Маргааш нь 14.30 цагийн үед цагдаагийнхан машин болон талийгаачийн цогцсыг олж ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна.
Г.РАВЖАА